ОХУ-ын бүх ард түмний сонгуулиар сонгогдсон анхны Ерөнхийлөгч Борис Николаевич Ельцин өнөөдөр амьд байсан бол 85 настай байх байсан. Оросын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн түүний талаар янз бүрээр ярьдаг. Тэрээр хоёр удаа төрийн тэргүүнээр улиран сонгогдсон, Оросын улс төр, эдийн засгийн тогтолцоонд шинэчлэл хийсэн улстөрч. 1999 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр өөрийнхөө хүсэлтээр албан ажлаа өгөхөөр болсноо ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ уламжилсан нь дэлхий нийтийн гайхшил төрүүлсэн үйл явдал байсан гэж болно. Ийм шийдвэр гаргасных нь төлөө түүний бүх алдааг уучилж болно хэмээн оросууд ярьдаг. Б.Ельцинг төрийн тэргүүнээр ажиллаж байхад Орос орны хувь заяаг шийдэх олон ээдрээтэй үйл явдал тохиосон билээ. 1991 оны наймдугаар сард Улсын онц байдлын хорооныхон төрийн эргэлт хийхийг завдахад Б.Ельциний удирдлага дор хуйвалдааныг дарсан. Тэрээр Орост Коммунист намын үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргаж, Зөвлөлтийн задралыг тууштай дэмжсэн улстөрч юм. Улс орондоо хувьчлалыг эхлүүлж, зах зээлийн эдийн засагт шилжүүлсэн. Түүнийг төрийн тэргүүн байхад буюу 1993 онд Оросын парламент хямралд автсан юм. Энэ үед Б. Ельцин зэвсэг хэрэглэхийг зөвшөөрчээ. Чеченийн байдал хурцдахад тэрээр тушаал гаргаж тус бүс нутагт цэрэг оруулсан гээд олон чухал шийдвэр гаргасан билээ.
Боря ОХУ-ын Свердловск мужийн Бутка хэмээх тосгонд жирийн нэгэн айлд төрсөн. 1917 оны хувьсгалаас өмнө Ельцинийх нэлээд чинээлэг айл байсан тухай тагнуулын албаны баримт бичигт дурдсан байдаг нь одоо ч архивт хадгалагдаж байгаа. Ельцинийх усан, салхин тээрэмтэй, 12 гектар эдлэн газартай, буудай бутлагч машинтай, хөлсний ажилчидтай, морь, ямаа, үхэртэй байжээ. Тэднийх маш их хөдөлмөрлөдөг, түүнийхээ ачаар чинээлэг амьдарч байв. Ийм айлуудад Зөвлөлт засаг дургүй байсныг бүгд мэднэ. Ингээд хамтрал байгуулах хөдөлгөөн өрнөхөд бүх эд хөрөнгөө хураалгажээ. Борис Ельциний аав Николай Ельцин хэлмэгдэж 1937 онд суллагдаад барилга дээр ажиллахаар хуваарилагдсан байна. ОХУ-ын анхны Ерөнхийлөгчийн ээж Клавдия Старыгина оёдолчин аж.
Боря сурлагадаа сайн байсан боловч нэлээд зүггүй бас зодоон хийнэ. Зарим судлаачид хичээлдээ тийм ч сайн байгаагүй гэдэг. Ангийн багш нь сурагчдаа зодож, шийтгэж байгаа нэрийдлээр гэрийнхээ ажлыг хийлгүүлдэг байсныг долдугаар ангийн сурагч Боря Ельцин эсэргүүцжээ. Багштайгаа тэрсэлдсэн түүнийг сургуулиас хөөсөн боловч бууж өгөөгүй. Хотын намын хороонд гомдол гаргаснаар өөр сургууль руу шилжсэн байна.
Б.Ельцин хүүхэд байхдаа зүүн гарынхаа хоёр хуруугаа тайруулсан. Өөрийнх нь ярьснаар гар бөмбөг дэлбэлэх гэж байгаад бэртсэн аж. Харин зарим судлаачид үүнийг үгүйсгэж, цэрэгт явахгүйн тулд ингэсэн гэдэг.
Тэрээр 1950 онд дунд сургуулиа дүүргээд Уралын политехникийн дээд сургуульд барилгын инженер мэргэжлээр суралцсан. Дээд сургуулиа дүүргээд мэргэжлээрээ ажиллаж байгаад 1968 оноос Оросын Коммунист намд ажиллах болсон. Улстөрч болох гараагаа ингэж эхэлжээ. Долоон жилийн дараа Свердловск мужийн намын хорооны даргаар томилогдож удалгүй Коммунист намын Төв хорооны гишүүнээр сонгогдсон байна. Ийнхүү намын шугамаар албан тушаал ахиж Улс төрийн товчооны гишүүн болсон. Гэвч 1987 онд намынхаа үйл ажиллагааг ширүүхэн шүүмжилснийх нь төлөө албан ажлаас нь огцруулжээ. Гэсэн хэдий ч Коммунист намын их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байна. Ингээд намынхаа XXVIII их хурал дээр М.Горбачевыг шүүмжилж, өөрөө намаасаа гарч байгаагаа олон нийтэд зарласан нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьж байсан түүхтэй.
Улстөрч Борис Ельцинийг дурсахад 1991 оны наймдугаар сард Москвад болсон
явдлыг дурдахгүй байхын аргагүй. Улсын онц байдлын хорооныхон төрийн эргэлт хийхийг завдахад тэрээр удирдан дарсан. Улаан талбайд танк оруулж байсан үе. Үүний дараахан тэрээр Оросын төрийн тэргүүний эрх мэдлийг өргөжүүлсэн тогтоолуудыг гаргаж ОХУ-ын Ерөнхийлөгч гэсэн албан тушаалтай болгох саналыг оруулсан юм. Ингэснээр Зөвлөлт, Оросын хоорондох зөрчилдөөн үүсчихээд байсныг зохицуулжээ. Тухайн үед Орос, Украин, Беларусийн төрийн тэргүүнүүд уулзаж Беловежийн хэлэлцээрийг байгуулснаар М.Горбачев ажлаа ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцинд хүлээлгэн өгсөн.
Өөрөөр хэлбэл, улс орныг удирдах ажлыг хүлээн авсан байна. Ингээд хувьчлал явуулж, зах зээлийн эдийн засагт шилжих ажлыг яаралтай эхлүүлсэн юм. 1992-1993 онд Ерөнхийлөгч болон парламентын хоорондох зөрчилдөөн дээд цэгтээ хүрч зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн. ОХУ-ын Дээд Зөвлөлийн гишүүд төв телевиз байрлах Останкиног эзэлж авахыг завдаж хариуд нь Ерөнхийлөгч Б.Ельциний цэргүүд парламентын байр руу гал нээж байсан билээ.
Б.Ельцинийг Ерөнхийлөгчийн албыг хашиж байхад Чеченийн салан тусгаарлагчид хүчээ авч эхэлсэн. Асуудлыг шийдэхээр ОХУ-ын Ерөнхийлөгч тус бүс нутаг руу цэрэг оруулжээ. Энэ нь түүнийг шүүмжлэх хамгийн гол бай нь болсон. Гэсэн хэдий ч Оросын төрийн тэргүүн барууны орнуудтай харилцаагаа сайжруулах алхмуудыг хийсээр байв.
1996 оны ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар Б.Ельцин дахин нэр дэвшиж эцсийн шатанд Коммунист намын дарга Г.Зюганов тэр хоёр тунаж үлдсэн. Б.Ельцин “Саналаа өгөхгүй бол ялагдана” гэсэн уриатай оролцсон нь ялалт байгуулахад хамгийн их нөлөөлсөн гэдэг. Нэг хэсэг маш богинохон хугацаанд ОХУ-ын Ерөнхий сайдыг дөрвөн удаа сольсон нь Оросын засаг төр хямралд автсаны нэгэн илэрэл хэмээн ажиглагчид тайлбарлаж байлаа.
В.Черномырдин, С.Кириенко, С.Степашин хамгийн сүүлчийнх нь В.Путин. Залуухан В.Путинг Засгийн газрыг тэргүүлэхээр болоход бүгд л халагдахыг нь хүлээж суулаа. Тэр үед Б.Ельциний бие тийм сайнгүй байсан тул самуурч байна гэсэн яриа ч гарчээ. Үнэндээ өөрийнх нь халааг авч чадахуйц шинэ удирдагчийг хайж байсан гэдгийг сүүлд ньмэдсэн байдаг.
ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан В.Путинг эхэндээ Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм. Б.Ельцин түүнийг анх танилцуулахдаа л ирээдүйд халаагаа өгөх бодолтой байгаагаа илэрхийлжээ. Ингээд 1999 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хугацаанаасаа өмнө ажлаа өгөхөөр болсноо мэдэгдэхдээ В.Путинг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсноо хэлсэн.
Б.Ельцин ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр очихдоо онгоцноос халамцуу бууж, төрийн дууллыг тоглохоор очсон цэргийн найрал хөгжмийг удирдсан талаар нэг хэсэг хэвлэлээр шуугьж байсан билээ. Энэ тухай одоо ч ярьдаг. ОХУ-ын анхны Ерөнхийлөгч хоёр охинтой. Том нь Елена, бага нь Татьяна. Татьяна нь аавыгаа төрийн тэргүүн байхад Дьяченко гэсэн овогтой байв. Эцгийнхээ зөвлөхөөр ажиллаж байсан түүнийг Кремлийн хамгийн нөлөө бүхий хатагтай гэнэ. Тухайн үедээ Татьяна Дьяченког Оросын хамгийн чинээлэг эмэгтэй гэдэг байсан боловч энэ нь батлагдаагүй. Гэхдээ Оросын бизнесийн ертөнцөд маш их нөлөөтэй байсан гэдэг нь гарцаагүй.
Төрийн тэргүүнээр ажиллах сүүлийн жилүүдэд Б.Ельциний бие нэлээд мууджээ. Гэхдээ хугацаанаасаа өмнө ажлаа өгөхөд энэ нь нөлөөлөөгүй гэдгийг өөрөө хэлсэн байдаг.
1999 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ард иргэддээ хандан уламжлалт ёсоор шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ хэлсэн үгийг эргэн нэг харъя. “Эрхэм найз нар аа, миний эрхмүүд минь. Өнөөдөр би та нартаа хамгийн сүүлчийн удаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх гэж байна. Өөр ч хэлэх юм бий. Өнөөдөр би хамгийн сүүлчийн удаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд та бүхэндээ хандаж байна. Би шийдвэрээ гаргасан. Энэ талаар маш удаанаар нэлээд нухацтай бодлоо. Өнөөдөр өнгөрч буй зууны сүүлчийн өдөр би ажлаа өглөө” гэжээ. Тэрээр цааш нь ярихдаа эрүүл мэндийн байдлын улмаас бус, олон тулгамдсан асуудлын нөхцөл байдлын улмаас хэмээн тайлбарлааад ард иргэдээсээ хүлцэл өчсөн билээ.
Энэ мэдэгдлийн бичлэгийг хийсэн оператор хожим нь дурсан ярихдаа Б.Ельцин үгээ хэлж дууссаад нэлээд хэдэн минут хөдөлгөөнгүй суусан гэдэг. Энэ үед түүний хацрыг даган нулимс урсч байсан гэнэ. Тэр өдөр нь Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон В.Путин Б.Ельцинг хуулийн байгууллагын зүгээс мөрдөх, шалгах, түүний гэр бүлд эд хөрөнгийн хохирол учруулахаас хамгаалах тухай тогтоол гаргаж гарын үсэг зурсан юм. В.Путин амлалтаа биелүүлсэн.
Б.Ельцин амьдралынхаа сүүлийн жилүүдэд амар тайван амьдарч байхдаа нэлээд хэдэн дурдатгалын ном бичсэн. Тэрээр 2007 оны дөрөвдүгээр сард хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Клинтон, Ж.Буш гээд дэлхийн нэртэй улстөрчид Москвад очсон байдаг.