Эрх баригчид нийгмийн сүлжээг хэзээ, хэрхэн яаж ашиглахаа, ямар үйл явдлыг ямар сэдвээр дарахаа маш сайн мэддэг болж, үе үе энэ сүлжээг ашиглаж санаснаа хэрэгжүүлдэг боллоо. Нийгмийн сүлжээг ашиглаад нийгмийн инженерчлэл хийх шахуу юм болж байна. Манай эрх баригчид, төрийн өндөрлөгүүд Хятадуудыг муу хэлж, Хятадын эсрэг үзэл бий болгож байж ялалтын ихэнх оноо, саналаа цуглуулж сонгуулиар төрийн толгойд гарч ирдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол ялна”-чуудтайгаа хамт “Монгол үндэстний шударга, эх оронч Ерөнхийлөгч ус, агаар мэт хэрэгтэй байна”, “Би цус урсгасан дайн байлдаан сурталчлаагүй ээ. Харин хөлс урсгасан, шуугаа зангиртал хөдөлмөрлөж, судсаа лугштал Монголоо гэсэн зүрх сэтгэлээр Монголоо ялуулахын төлөө хамтран тэмцье гэж та бүхнийг уриалж байна” гэсэн үнэхээрийн л эх оронч гэмээр уриа дэвшүүлж гарч ирсэн бол одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч ялгаагүй эх оронч дүр эсгэн, Хятад руу адуу гаргахыг эсэргүүцэж “Адуу гаргахгүй, цаашдаа ч гаргахгүй. Мал амьдаар нь гаргах нь Монгол төрийн бодлого биш гэж би дотроо бодож байгаа.Тэр тусмаа адууг амьдаар нь гаргах их осолтой юм билээ. Монголд үнэт зүйл гэж нэг юм байх ёстой юм аа. Төрийнхөө сүлдэнд залсан адуугаа тэгээд л харийн нутагт аваачаад алуулж, хядуулж баймааргүй байгаа юм” гэж хэлсэн нь ард түмнийг хийрхүүлж, нэг хөршийнх нь эсрэг хандуулж, бужигнуулсны хүчинд сонгуулиар ялалт байгуулж гарч ирсэн дээ.
Гэтэл коронавирусийн халдвар дэлхий нийтийг хамарч, цар тахлын улмаас улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хил хязгаараа хаачихсан байгаа энэ үед Монгол Улсад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд айлчлахаар боллоо гэсэн мэдээ дуулдахад хотын төвийн иргэнээс хязгаар нутагт, уулын мухарт малаа хариулж яваа малчин хүртэл гайхаж хүлээж авсан. Айлчлалын тухай мэдээ нийтэд цацагдахтай зэрэгцүүлэн олон нийтийг энэ үйл явдлаас холдуулж, айлчлалыг анхаарлын төвөөс гаргахын тулд бөхчүүдийн шээсний сорьцоос допинг илэрсэн гэх шуугианыг зориуд гаргаж ирж тархи угаалтыг улаан цагаан хийв. Бөхчүүдийн шээсний хэрүүл нийгмийг хөмрөхдөө хүрч “Допинг гарсан, гараагүй”, “Тэрний шээснээс гарсан, энэний шээснээс гараагүй” гэж талцаж хэрэлдэж байтал хэрүүлийн оргил хэсэгт Н.Батсуурь аварга гарч ирж, хэвлэлийн хурал зарлаж ард олноосоо уучлал гуйчихав. Тэгтэл өнөө хэрүүл нь улам хүчээ авч “Батсуурь аварга уучлал гуйлаа, үнэхээр хоншоортой” гэцгээж, нөгөө хэсэг нь “Тэрний хоншоор гэж юу байдаг юм” гэцгээгээд бөөн маргаан нийгмийн сүлжээнд өрнөж, хөгшин залуу, эр эмгүй бүгд л энэ тухай пост хийж, жиргээ оруулж, үзэл бодлоо уралдуулж, уралцаж “Э.Оюунболд унхиагүй, одоо болтол уучлал гуйгаагүй” гэж элэрсэн баларсан юм ярьцгааж, нийгмийн сүлжээ дэлбэрэхээ дөхөж, бужигналдсан. Юун Хятадын сайдын айлчлал, Өмнөд Монголын “Эх хэлээ аваръя” хөдөлгөөн манатай.
Ингэж эрх баригчид бөхийн шээсний хэрүүлээр ард түмний анхаарлыг өөр зүгт залуурдаагүй байсан бол Ван И-гийн онгоцыг “Буянт ухаа”-гийн дэнж дээр буулгахааргүй хэмжээнд монголчууд уурссан байсаан.
Эрх баригчид өөрсдөө сонгуулиар гарч ирэхийн тулд ард түмнийг зориудаар Хятад улсын эсрэг “босгож”, үзэн ядуулах ажиллагаа зохион байгуулалттайгаар хийчихсэн болохоор саяны айлчлалаар монголчууд жинхэнээсээ уриа лоозон бариад босоод ирчихнэ гэхээс үнхэлцгээ хагартал айсан учраас галыг намжаах гэж бөхчүүдийн шээсний асуудлыг “нөөцөлж” байгаад айлчлалыг угтуулаад нийтэд дэлгэчихсэн юм шүү.
Айлчлалын хоёр дахь өдөр Сүнээ гэдэг балетчин хүүхнээр ярилцлага өгүүлчихэв. Балетчин хүүхний нулимс, амнаас унах үгс бүрийг нь алдалгүй сонсоцгоох гэж “Халтар царайт ” үздэг байсан үеийнх шигээ хошуурцгаав. Ийм нэвтрүүлэг гарах гэж байна, гарах нь ээ, гарлаа, гарч байна гээд нийгмийн сүлжээ тэр аяараа шаагилдаж, тэр хүүхний зөв, буруу, сайхан муухай, тэрний амраг, энэний амраг, тийм л муухай, ийм л гоё, өмссөнийг нь хар даа, сууж байгааг нь ээ, арай ч дээ гээд амтай, хуруутай болгон энэ хүүхний тухай бичиж, ярьж, сэтгэгдлээр “байлдаж”, юун айлчлал, юун нөгөө Монгол бичиг, юун “Монгол хэлээ аваръя” вэ. “ХКН Өмнөд Монголд соёлын геноцид үйлдэхээ зогсоо” хөдөлгөөн дэлхий даяар өрнөж, монголчууд энэ хөдөлгөөнд цахимаар нэгдэж, саналаа өгөөд маш идэвхтэй байсан. Хэрвээ 100 мянган хүн санал өгвөл энэ асуудлыг АНУ-ын Конгресс хэлэлцэнэ гэдгийг бүгд мэдэж байсан ч допингийн хэрүүл, балетчин хүүхний хувь амьдралын шуугианаас болоод уг санал асуулгын хурд багасаж, арай гэж нэг юм 100 мянга гэсэн босго саналдаа хүрсэн. Ийм чухал эгзэгтэй санал асуулга, анхаарлаас холдуулж болохгүй айлчлал болж байхад хэн ч тэр талаар дурсахгүй, харин балетчин хүүхний талаар зогсоо зайгүй шүлсээ үсчүүлцгээсэн. Овоо гайгүй идэвхитэй явж байсан “Эх хэлээ аваръя” хөдөлгөөнийг эрх баригчид боовон чихтнүүдийн шээсний хэрүүл, балетчин хүүхний нулимсаар л нам дараад арчаад хаячихсан.
Хятадын сайдын айлчлалын үеэр өөрсдийнх нь өдүүлсэн, турхирсан ард түмэн нь Хятадын эсрэг ямар нэг таагүй юм сошиалд “сэвчих” вий гэж айснаас урьдчилж бэлтгэсэн ярилцлагаа товлосон цагтаа цацсан нь ийнхүү амжилт олов. Гэтэл сонгуулиар Хятад юу юм бэ, Хятадаас юу ч битгий ав, өөрсдөө тарьж ургуулъя, хэдүүлээ янзын гоё амьдарна, чадна ш дээ гэж уриалж, ард түмнийг хөөргөж байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд маань Хятадын сайдын айлчлалын үеэр яаж сүйд болж, долигоносныг бүгдээрээ харсан шүү дээ. Тэр долигонож буй үйлдэл бол манай удирдлагуудын үнэн бодит, жинхэнэ дүр нь юм. Тэднийг хараад “Хүншүү байж болдоггүй юм байх даа” гэж олон хүн толгой сэгсэрсэн сэн. Нийгмийн сүлжээг ашиглаж, элдэв скандалаар нийгмийн сэтгэлзүй, тархийг залуурдаж буй нь аргаа ядсан хүмүүсийн л ажил юм даа, чааваас.
Энэ удаадаа ингэж боовон чихтнүүдийн шээсний хэрүүл, балетчин хүүхний нулимсаар нийгмийг залуурдаад өнгөрлөө. Ер нь юм болгонд ингэж том үйл явдлын өмнө зориуд бэлдсэн шуугианаа гэнэт дэлгэж, нийгмийн анхаарлыг өөр зүгт хандуулдаг арга барилдаа гаршаад удаж байна. Ард түмэн рүүгээ харахаараа “Бид Хятадад дургүй” гэдэг мөртлөө Хятадын сайд ирэхэд бүгд яаж бөхөлзөж, гарыг нь илбэж, алгаа тосохыг нь харцгаалаа. Жинхэнэдээ манай удирдагчид гэдэг чинь иймхэн л хүмүүс. Эрх баригчид нь нийгмийг сошиалаар ингэж залаад байх нь эцэстээ улс орны хувь заяанд асар их хор хохиролтой. Өмнөд Монголд байдал өдөр ирэх бүр хүндэрч, монгол хэлтнүүдийн амь нас хутганы ирэн дээр байхад тоож байгаа ганц ч төрийн өндөр албан тушаалтан алга. Тэр талаарх мэдээлэлд биш балетчин хүүхний хувь амьдрал руу бүх нийтийн анхаарлыг хандуулчихаад л догь сууцгааж байна.
Нийгмийн сүлжээг эрх баригчид ингэж зальжин аргаар, өөрсдөдөө ашигтай байдлаар ашиглаж байгааг олон нийт, Монголын ард түмэн сайн анзаарч сонор, соргог байх хэрэгтэй. Сошиалд хавчуулсан эрх баригчдын “өгөөш”-ийг яаран үмхэн авч, дагаж сагсуурмааргүй байна. Юуны төлөө явж байлаа, ямар үйл хэргийн төлөө зүтгэж байлаа гэдгээ марталгүй, тэмцлийнхээ зорилгод хүрдэг баймаар байна. Нийгмийн сүлжээнд Монголын асар том масс ямар ч зорилгогүй оршсоор.Зорилгогүй болохоор л ингэж зам зуурын юмнуудаар тархиа угаалгаад байгаа юм. Хэрэвзээ юм тунгаадаг, байр сууринаасаа ганхдаггүй, үзэл бодолдоо тууштай үнэнч бол ямар ч эрх баригчдын тавьсан өгөөшийг тоож шиншлэхгүй л дээ.