УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хийсэн юм.
Тус байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй болон найруулгын зарим саналын томьёолол гаргасныг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар санал хурааж шийдвэрлэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Ингээд санал хураалт явуулахад Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, мөн Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.4 хувь нь дэмжсэн юм. Ингэснээр Боловсролын тухай хуульд “Удирдах зөвлөлийн гишүүнийг 3 жилийн хугацаагаар сонгох буюу томилно. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг жил бүр өөрчилж болно” гэсэн агуулгатай 36.5 дахь хэсэг нэмэгдэж байгаагийн зэрэгцээ найруулгын чанартай зарим өөрчлөлт орж байгаа юм.
Мөн “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан юм.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэнээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.