Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадам ирэх хоёрдугаар сарын 14-нд Төв аймгийн Зуунмод суманд болох гэж байна. Тиймээс “Болор цом” наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийг Монголын зохиолчдын эвлэл дээр авч эхэлжээ.
Энэ жил 32 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Болор цом” наадамд “Болор цом”-ын эзэд тааллаараа оролцох бөгөөд бусад найрагчдын хувьд шилдэг 32 найрагчийг шигшин Зуунмод сумын тайзнаа шүлгийг нь уншуулах юм байна.
“Болор цом” наадмыг Эрдэнэт, Дархан хотууд болон Архангай, Өвөрхангай аймгуудад зохион байгуулж байсан бөгөөд энэ жил тав дахь удаагаа орон нутагт болох гэж байгаа нь энэ юм.
С.Содбилэг
“Болор цом”-ын эзэд
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн санаачилгаар МЗЭ-ийн хороо жил бүрийн шилдэг яруу найргийг шалгаруулах зорилгоор 1983 оноос “Болор цом” яруу найргийн наадмыг явуулж эхэлснээс хойш нийт 31 удаагийн “Болор цом” наадамд төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нар тус бүр гурав, яруу найрагч Ц.Чимиддорж, Б.Ичинхорлоо, Ц.Хулан нар тус бүр хоёр түрүүлжээ.
1. ПҮРЭВДОРЖ.Д 1983 он Хүн төрөлхтөнд хүргэх үг
2. Д.ЦООДОЛ. Д 1984 он Нэр нь тодроогүй баатрууд
3. ЛХАГВАСҮРЭН.Б 1985 он Шагнал
4. ОЧИРХҮҮ.Т 1986 он Чулууны магтаал
5. БАДАРЧ.П 1987 он Тэмээ
6. ГАЛСАН.Т 1988 он Дөрвөн мөртийн цоморлиг
7. ЧИМЭДДОРЖ.Ц 1989 он Малчин
8. ИЧИНХОРЛОО.Б 1990 он Тэнгэр
9. ИЧИНХОРЛОО.Б 1991 он Эх нутаг
10. ЛХАГВАСҮРЭН.Б 1992 он Хил дээр бичсэн шүлэг
11. ЦООДОЛ.Д 1993 он Миний муусайн найз нар
12. ХУЛАН.Ц 1994 он Ази
13. ДОРЖПАЛАМ.Б 1995 он Хөөрлийн шүлэг
14. ТӨРБАТ.Д 1996 он Ижий
15. ЦООДОЛ.Д 1997 он Хуучин дэр модны дууль
16. ЛХАГВАСҮРЭН.Б 1998 он Ижийтэйгээ байхад би баян байсан
17. ЧИМИДДОРЖ.Ц 1999 он Элсэн тасархай
18. МӨНХЦЭЦЭГ.Г 2000 он Чамаас олсон эх орон
19. БАВУУДОРЖ.Ц 2001 он Хүрэл чоно
20. ЭРДЭНЭ-ОЧИР.А 2002 он Зам
21. УРИАНХАЙ.Д 2003 он Шөнийн онгоц
22. БАЯРЖАРГАЛ.Ж 2004 он Дарангуйллын хаан оршил
23. МӨНХБАТ.Ж 2005 он Бурхан хүсэл
24. ГАЛСАНСҮХ.Б 2006 он Бурханд хэлэх зөвлөгөө
25. ЛХАМНОРЖМАА.Ш 2007 он Газрын үг
26. ХАСАР.Л 2008 он Миний нэг өдөр
27. ЭРДЭНЭБААТАР.Х 2009 он Зуун дамжсан суварга үгс
28. Ц.ХУЛАН 2010 он Нөхөртөө хэлсэн үг
29. Д.БОЛДХУЯГ 2011 он Монгол хэл
30. Н.ГАНТУЛГА 2013 он Уулсын сэтгэлгээний тэлэлт
31. Л.МОЛОМЖАМЦ 2014 он Хэзээ ба хожмыг өгүүлэх Зангирмал үгс
32. ………………………..