Categories
мэдээ цаг-үе

“Болор цом”, доктор профессортой “УЗА”-ынхан

Хонхны баяр 2002 он

Улсын Боловсролын их сургуулийн сэтгүүл зүйн ангийг 1998-2002 онд төгссөн оюутны нэг ангийг энэ удаагийнхаа буланд онцолж байна. Багшийн дээдийн “Утга зохиолын ажилтан буюу УЗА” гэсэн нэршилтэй анги бол Монголын үе үеийн яруу найрагчид, сэтгүүлчдийг төрүүлэн гаргасан боловсон хүчин бэлтгэж ирсэн угшилтай анги юм. Өдгөө УЗА гэсэн нэршил “Сэтгүүлч-Орчуулагч” гэсэн нэрээр солигдон өөрчлөгджээ. 1998 оны есдүгээр сарын 1-ний өдөр бол хот, орон нутгаас ирсэн 31 хүүхэд биестэйгээ бишүүрхэнгүйхэн танилцаж, сурагчийн формоо тайлж оюутан хэмээх их айлын эгнээнд багтан орсондоо итгэн ядан байсан соньхон үе гэлтэй. Ардын аман зохиол судлаач, доктор Ш.Гүндалай багшийн удирдлаган дор 31 шавь анхны сонгуульт ажлаа хийж Өвөрхангай аймгийн Сант сумаас ирсэн Л.Моломжамц хэмээх бүрэг даруу хүүг ангийн даргаараа тавьсан хэрэг. Л.Моломжамц маань хичээлдээ их мэриймтгий хичээлийн хэнхэгтэй гэгдэтлээ номын араас явдаг хүүхэд байв. Хожмоо Монголын шилдэг яруу найрагчидтай мөр зэрэгцэн бүтээл номоо туурвиж яруу найргийн дээд шагнал болох “Болор цом”-ын эзэн болж ангийнхныхаа бахархал болсон нэгэн. “УЗА” ангийн нэг онцлог нь нэлээд олон багш эрдэмтдийн хүүхдүүд нэг дор цуг сурч байсныг онцлох байна. Монголын анхны сурах бичгийг зохиож байсан Монгол Улсын гавьяат багш, төрийн соёрхолт эрдэмтэн судлаач Д.Цэндийн зээ охин С.Бэлэгмаа, Монголын орчин үеийн хүүхдийн уран зохиолын нэрт мастер доктор, профессор Д.Оюунбадрахын хүү О.Одонбаяр, Монголын философийн нэрт төлөөлөгч н.Дагдан багшийн хүү Д.Амаржаргал, хэл шинжлэлийн нэрт хүмүүн доктор Ш.Одонтөрийн төрсөн дүү Ш.Баттөр, утга зохиол судлаач доктор Ц.Банзрагчийн охин Б.Долзодмаа, МУБИС-ийн багш, доктор Д.Амартүвшингийн дүү З.Мягмарсүрэн зэрэг багш, эрдэмтдийн хүүхдүүд нэг ангид суралцаж байв. Тухайн үед багш нар хоорондоо эд нарыг одоо яана аа гэж ил далд хэлэлцэх, магтах, шүүмжлэхийн хооронд ч яриа өрнөж байсан нь бий. Хожмоо сайн хүний үр сүүт гүүний унага гэгчээр нийгэмд өөрсдийн зохих хувь нэмрийг оруулсаар л явна даа. Тухайлбал, Ш.Баттөр 23 насандаа хамгийн залуу хэл бичгийн ухааны докторын нэг болж саяхан профессор хэмээх эрхэм хүндэт цолыг 36 насандаа хүртжээ. Тэрбээр Улаанбаатар их сургуулийн монгол хэл уран зохиол, сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг. С.Бэлэгмаа нь “Өглөөний сонин”-г үүсэн байгуулагдах цагаас эхлэн ажиллаж орлогч эрхлэгч, Ерөнхий эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өдгөө “Реоple” сэтгүүлийг эрхлэн гарган, Ерөнхий эрхлэгчээр нь ажиллаж байна. Сэтгүүлч С.Бэлэгмаагийн хүний сэтгэлийн утсыг хөндсөн уншууртай сайхан ярилцлагуудыг уншигчид эчнээ мэднэ, санаж буй биз ээ. Б.Долзодмаа нь их сургуулиа төгсөөд “Өдрийн сонин” хэмээх их айлын гал тогоонд чанагдаж өдгөө сэтгүүл зүйд нэрээ үлдээсэн шилдэг сайн сэтгүүлчдийн нэг болжээ. Монголын сэтгүүл зүйд цахиур хагалж яваа сэтгүүлчид энэ ангид цөөнгүй бий. Монголын Үндэсний Радиогийн Хүүхэд залуучуудын Редакцийн редактор Б.Нарангэрэл нь 2010 онд Ази Номхон далайн бүсийн орнуудын сэтгүүлчдийн дунд зохиодог бүтээлийн уралдаанаас “Зөв золиос” жүжгээр шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн. 2009 онд Ираны Олон Улсын сэтгүүлчдийн тэмцээнээс ахмад сэтгүүлч Д. Чулуунцэцэгтэй хамтран “Радиод мөнхөрсөн хүүхэд нас” бүтээлээрээ гуравдугаар байрыг хүртэж хоёронтоо Монголоос олон улсын шагнал хүртсэн сэтгүүлч юм. Б.Мягмарсүрэн бол хөдөө орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж ирсэн ба 2006 оноос хойш Завхан аймгийн “Завхан” сонины эрхлэгчээр ажиллаж байна. Тэрбээр Монголын “mont­same” агентлагийн Завхан аймаг дахь сэтгүүлчээр давхар ажилладаг. Сайн засаглалын үндэсний сургагч багш, Тогтвортой хөгжлийн боловсрол олгох үндэсний сургагч багш, Юнескогийн Соёлын биет бус өвийг судлан сурвалжлах эрх бүхий сэтгүүлчдийн нэг. “Глоб” интернэшнл ТББ-аас олгодог “Үнэний төлөө тэмцэгч” шилдэг сэтгүүлч шагналыг хүртэж байсан үнэн шударга зүйлийн төлөө цогтой тэмцэгчдийн нэг. Б.Мөнхзул нь МҮОНРТ-д 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд “Дөрвөн урилга” нэвтрүүлгийн хөтлөгч, редакторын нэг гэдгээр үзэгчид андахгүй сайн мэднэ. Тэрбээр залуучуудын нэвтрүүлгийн албандаа “Үдшийн хэмнэл” нэртэй байхаас нь эхлээд арын фронтод сэтгүүлч, редактораар ажиллаж яваа манай улсын шилдэг сэтгүүлчдийн нэг билээ. Сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа заримаас нь дурдахад ийм байна. Хүний амьдралын хамгийн дурсамжит сайхан нас бол яах аргагүй оюутан нас. Тохой залгаж суусан дөрвөн жил бол гэрэлт дурсамж, мөнхийн найз нөхдийн бат холбоо болж үлдэх жим юм. 1998 оны тухайн үе бол гар утас хэрэглээнд нэвтрээд удаагүй, автобусанд утас нь дуугарвал их л баярладаг, утсаа аваад бахархалтайяа ярьдаг байсан цаг шүү дээ. Багшийн дээд сургуулийн А байрны үүдэнд картаар ажилладаг таксофон ажиллана. 211 дугаараар эхэлж залгадаг 10 оронтой тоотой картын дугаарыг ард нь зогсож байгаа нь нууцаар цээжилж авчихаад дараа дугаарыг нь хийгээд ярьчихдаг байсан үзэгдэлтэй үе. “УЗА”-ны ангийнхан тэнхим дотроо эрч хүчтэй, олон нийтийн арга хэмжээнд идэвхийлэн оролцдог гэдгээрээ “толгой цохиж” явсан. Доктор, профессор Ш.Баттөр уртаас урт үстэй, уранхай загварын өмдтэй, рок сонсдог, англи оросоор ярьчихдаг, багш нартайгаа ном хаялцаж пээдийчихдэг байсан нь одоогийн номын мөр хөөсөн нүдний шил зүүсэн профессорын төрхөөс олж харахгүй л сонирхолтой дүр гэж бодогдоно. Ангийн охид дотроос өндөр гоолиг бие, царай зүсээрээ ялгарсан тэр дундаа хэл ярианы хөгжил сайтай А.Бумансорыг ангийнхан нь одоо ч Монголын улс төрд оройлогч байдагт нь гайхахгүй. А.Бумансор нь Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаа бөгөөд “Орхон” аймгийн НАМЭХ-ны даргаар олон жил ажиллаж, эмэгтэйчүүдийн оролцоог улс төрд бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулж яваа. Уран зохиол, сэтгүүл зүйн ангийн хувьд шүлэг бичдэг охид, хөвгүүд цөөнгүй л байлаа. А.Бумансор нь өөрийн бичсэн шүлгээ найрагч Ц.Хулан лугаа адил хоолойгоор уншиж, уран уншлагыг төвөггүйхэн хийдэг байсныг нь эргээд санахад хожмоо Хуримын ордны даргаар ажиллаж байсантай нь холбож үзэхэд урьдаас бас зөгнөж байсан юм болов уу гэж бодогдохоор. Хичээл эхлэх үед багш нараа “сэмхэн” шоглох үе бас гардаг байсныг нуух юун. Англи хэлний улаан гуталтай багшийгаа мөн ч их элдэвлэчихдэг байж дээ. Ангид ороод ирэхтэй зэрэгцэн “улаан гуталт орж ирлээ” гэцгээгээд англи хэлдээ сайн нь цэц булаалдаж буруу зөвийн тухай яриад л англи хэлдээ муу оюутнууд нь ядарсан хүнээр битгий тоглоом хийгээд бай, уншиж чадахгүй нь ээ гэцгээгээд л хэсэгхэн хугацаанд дүрсгүйтэж багшийнхаа уурыг барж байж билээ. Ардын аман зохиолын хичээл дээр манай Д.Сувдаа “Монголын нууц товчоог” бүрэн эхээр нь цээжилчихсэн А, Б-гүй цээжээр уншиж байдагсан. Багш маань ч бүр бахархалтайгаар Сувдаагаас та нар жишээ ав гэж хэлж байж билээ. С.Мөнхтөгс бас цээж сайтай. Төгсөө, Сувдаа хоёр Солонгост магистрын зэрэг хамгаалсан. Д.Сувдаа Сөүлийн их сургуулийн шилдэг монгол оюутан болж байсан ба түүний зураг хүндэт самбар дээр одоо ч хадаатай бий. Угийн цээж сайтай “толгой”-той байсны хувьд саяхан төрийн албан хаагчдын шалгалт өгөхөд нэгээр гарч ирсэн байдаг. Багшийн дээдийн ангийн хувьд хөдөө орон нутгаас элсэгч ихтэйн хувьд сургуулиа төгсөөд буцаад нутагтаа ажиллаж буй хүн бас цөөнгүй бий. Тухайлбал, Булган аймагтаа Ч.Баттуяа, Хөвсгөлдөө багшаар Ц.Азжаргал ажиллаж байгаа бол Б.Оюунсүрэн Дархан-Уул аймагтаа амьдарч “Оюу толгой”-н шилдэг сайн менежерүүдийн нэгээр ажиллаж байх жишээтэй. МУИС-ийн Эрдэнэт салбарын сургуульд сургалтын албаны мэргэжилтнээр Ж.Цэрэндулам ажиллаж байна. С.Асель Казахстанд суурьшин хувиараа бизнес эрхэлж байна. Англи хэлний багшаар ажиллаж байсан Ч.Энхзул бизнест хөл тавьж зочид буудал, үйлчилгээний газрууд нээн ажиллуулж байна. Хувь хувьсгалдаа бизнес эрхэлж буй хүмүүс нэлээн бий. Тохижилтын чиглэлээр бизнес хийж байгаа нэгэн байхад Баян-Өлгий аймагтаа ангийн анд З.Мягмарсүрэн мөн л бизнес хийдэг. Ангийн андуудаасаа холдож хорвоогийн мөнх бусыг үзсэн Д.Амаржаргалыгаа дурсахгүй байхын аргагүй. Францад ажиллаж амьдарч байсан Д.Амараа маань “101.7” радиод мэргэжлээрээ ажиллаж байсан билээ.

II курсын оюутнууд 1999 он

Хичээлээ тараад ангидаа цуглацгаан, шүлэг бичдэг хэдээ хөөргөн, шүлэг уншуулан элдвийг хууч хөөрөн сургуулийн жижүүрээс хөөгдөх шахам гүйж явсан оюутан ахуй үеэс хойш 15 жил өнгөрчээ. Энэ хугацаанд ангийнхан бүгдээрээ олуулаа уулзалдаж хараахан амжаагүй ч 2013 онд багш Л.Гүндалайдаа хүндэтгэл үзүүлж баярлаж талархаж явдгаа илэрхийлж амжсан. Саяхан Л.Гүндалай багш “Эрдмийн ажлын эрхэм мөр” нэртэй номоо гаргахад шавь Л.Моломжамц хэвлүүлэх ажилд нь тусалжээ. Нэгнийхээ номын баяраар л уулзалдах боломж гарах нь бий. БНСУ-ын Коокмин их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр суралцаж байгаа Д.Бямбасүрэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа газруудад Халамжийн албаны дарга, нэг цэгийн үйлчилгээний дарга зэргээр төрийн албанд олон жил ажиллаж байгаа шилдэг боловсон хүчний нэг гэдгийг дурдахад таатай байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын туслах, бие төлөөлөгчөөр С.Баярцэцэг ажиллаж байна. Хүний амьдралын гэгээн үеийг мөнхлөн үлдээж сэтгэлийн хоймортоо урьдаг “Нэг ангийнхан” нэртэй энэхүү буланд эрхэм нэр алдраа эгнэгт түгээж, хөдөлмөрлөж яваа андуудыгаа бүгдийг нь нэг бүрчлэн тоочих боломжгүй тул зарим нөхдийгөө төлөөлөл болгон дурдсан нь дээрх билээ. УБИС-ийн “УЗА” ангийн шижигнэсэн охид, хөвгүүд эрдэм заасан ачит багш нарынхаа чихийг халууцуулалгүй, харин ч бахархал баяслыг нь төрүүлж явдаг гэдэгт итгэнэм.

Ангийн багш Л.Гүндалай багштайгаа 12 жилийн дараа уулзаж талархснаа илэрхийлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *