Боксын 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ спортын төв ордонд тав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд тэмцээн өнөөдөр өндөрлөх юм. Энэ удаагийн тэмцээнд нийт 39 багийн 201 тамирчин эмэгтэй найм, эрэгтэй есөн жинд хүч сорин өрсөлдөж байгаа юм.
Энэ жилийн тэмцээний хувьд сүүлийн хоёр жил дараалан 56 кг-д хүч үзэж, аваргалсан олимпийн наадмын тавдугаар байрт шалгарч байсан ОУХМ Э.Цэндбаатар жин өгсөж 60 кг-д өрсөлдөх болсон нь спорт сонирхогчдын анхаарлыг татаад байсан. Энэ жинд олимпийн наадмын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга МУГТ Д.Отгондалай байгаа. Энэ жингийн гол тулаан хоёр тамирчны дунд өрнөнө хэмээн спорт сонирхогчид таамаглаж байсан.Тэгвэл таамаг ёсоор МУГТ Д.Отгондалай ОУХМ Э.Цэндбаатар нар 60 кг-ын жингийн аваргын төлөө шалгарч үлдээд байгаа юм.