Categories
мэдээ нийгэм

Богдхан уулыг маргааш тахина

Богдхан уулын тэнгэрийг тайх тахилгын ёслол маргааш болно. Ерөнхийлөгчийн зарлигаар Богд хан уул, Их тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурханхалдун уулын тэнгэрийг тайх ёслолыг таван жил тутамд хийдэг уламжлалтай. Энэ ч үүднээс маргааш буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр үйлдэхээр төлөвлөжээ. Тэгвэл тахилгын ёслолын бэлтгэл бүрэн хангагдсан гэдгийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв мэдээллээ.

Энэ жилийн хувьд Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолыг угтаж “Дархан цаазат Богдхан уул” номыг гаргажээ. Номын ерөнхий редактороор Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Одончимэд ажилласан байна. Номын нэгдүгээр бүлэгт Богдхан уулыг дархан цаазат болгосон түүх, тайлга тахих ёслолын талаар дурьджээ. Тухайлбал, 1696 онд анхдугаар Богд Жавзандамбын насан хутаг бат орших бэлгээр даншиг мандал өргөн эрийн гурван наадам хийсэн нь Богдхан уулын шашин төрийн анхны тайлга наадам болсон гэж үздэг аж. Энэ үеэс монголчууд Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолыг үйлдэж иржээ.

Ер нь “Тахилга” гэх өвөрмөц сонин ёслол, үйлийг монголчуудаас өөр хаана ч хийдэггүй гэдгийг “Дархан цаазат Богдхан уул” номонд онцолсон байна. Монгол туургатан эрт цагаас л “Тахилга” үйлдэж байгаль эх, газар шороо, нутаг усаа өвөрмөц сонин тогтоцтойгоор нь дээдлэн хамгаалж иржээ. Энэ нь ч байгаль эхээ дээдэлж, өвөг дээдсээ шүтдэг монгол хүний мараалыг илтгэсэн онцлог хэмээн Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг онцолж байсан юм.

Ер нь Богдхан уул бол сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын хүчил төрөгчөөс эхлээд олон ачааг нуруун дээрээ үүрч яваа юм. Тиймээс төрийн тахилгат энэ уулыг хэрхэн хамгаалж, хайрлаж буйгаас монгол төрийн бодлого харагдана гэдгийг тэрээр хэлсэн юм. Улаанбаатар хотын хүн ам нэмэгдэж, тэр хэрээр барилга байшин, суурьшлын бүс хаяагаа тэлж буй учраас Богдхан уулыг хамгаалах шинэ бодлого үгүйлэгдэж эхэлжээ. Тиймээс Богдхан уулыг хамгаалах шинэ бодлогыг салбарын яамнаас нь боловсруулсан гэдгээ хэлэв. Ялангуяа ирэх хавраас Богдхан уулыг хамгаалахад чиглэсэн олон ажил эхэлнэ гэж мэдээлсэн юм.

Тахилгын ёслолыг нийслэлийн Засаг даргын тамгын газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, зүүн хүрээ Дашчойлон хийдээс зохион байгуулж байгаа юм. Ийнхүү маргааш монголчууд Богдхан уулын тэнгэрийг тайх тахилгын ёслолыг үйлдэх гэж байна. Гол нь тахилгын ёслолыг үйлдэхдээ иргэд Богдхан ууланд хог хаяхгүй, идээ будаагаа зориулалтын газарт өргөхийг албаныхан сануулсаар байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *