Монголчуудын хайрлан, шүтэж ирсэн байгалийн үзэсгэлэнт Дархан цаазат Богдхан уул нь дэлхийн сэрүүн бүсийн ой тайга, Төв Азийн хуурай хээр, говь, цөлийн бүсийн торгон зааг дээр оршдог эко системийн өвөрмөц тогтоцтойгоороо онцлогтой.
Эко үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг байгаль орчноо хайрлан, хамгаалах үйл ажиллагаанд уриалан оролцуулж, эерэг өөрчлөлтийг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг Жэй Си Ай Эко салбар байгууллага өнөөдөр Зууны мэдээ сонины мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхдээ доорх баримтыг онцоллоо.
Тодруулбал, Монгол орны ойн тооллогын статистик үзүүлэлтээс дүгнэхэд Богдхан уулын ойн санд экологийн тэнцвэрт байдлыг хадгалах өндөр ач холбогдолтой ой үүсгэгч моддын байгалийнх нь өөрийн сэргэн ургалт нь хангалтгүй гэж дүгнэгджээ.
Үүнээс гадна өөр нэгэн бодитой сүүлийн үеийн тоон мэдээлэл дурдахад, Богдхан уулын нийт 22129 га ойн талбайгаас 3 га газарт нь залуу шинэсэн ой, 17 га талбайд нь гацууран ой ургадаг бол залуу хуш модон ой огт тоологдоогүй нь ноцтой байгааг илтгэж байна.
Иймд Жэй Си Ай Эко салбар байгууллагын залуучууд Богдхан уулынхаа залуу ойг нэмэгдүүлэх болон дэлхийн экосистемийн үнэт өв, сэрүүн бүсийн ойн төгсгөл хэсгийн экологийн тэнцвэрт байдлыг хангах, нөхөн сэргээх үндсэн зорилгоор “Залуу ой” төслийг санаачлан хэрэгжүүлж, иргэд олон нийт, аж ахуй нэгжүүдийг энэхүү үйлсэд уриалж хамгийн эхний бүлэг залуу моддыг 2018 оны 06 сарын 30-ны өлзий билэгт сайн өдөр тарьж ургуулахаар товлоод байна.
Богдхан ууланд залуу ой төглийг ургуулах энэхүү төсөлд байгаль эх дэлхийгээ гэсэн сайхан сэтгэлтэй иргэд, олон нийт, хамт олон, аж ахуй нэгжүүдийг хамтран оролцож болох юм байна.