Categories
мэдээ нийгэм цаг-үе

Богд хааны ордон музейг сэргээн засварлах ажил эхэлжээ

Богд хааны ордон музейгээс санаачлан Соёлын өвийн үндэсний төвтэй хамтарч “Богд хааны ордон музейн Түүх, Соёлын дурсгалт уран барилгын хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын судалгаа”-ныг ажлыг гүйцэтгэж байна.

Энэ ажлын хүрээнд 2020 оны наймдугаар сараас эхлэн нэг жилийн хугацаанд Өвлийн ордны дэргэд 90 төрлийн өнгө будгийн тестийг байрлуулж гандалт, тогтцыг туршиж, судалжээ.

Судалгааны хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлагч, судлаач Э.Батжаргал, Богд хааны ордон музейн Бүртгэл мэдээллийн санч Ж.Болортуяа, сэргээн засварлагч Б.Мягмарсүрэн, эрдэм шинжилгээний ажилтан О.Мөнхтуул нар 2021 оны 12-р сарын 10-ны өдөр:

  • Түүх соёлын дурсгалт дөрвөн барилга байгууламжийн 46 байршлын өнгө будгийн дээж авч,
  • XRF багажаар дурдсан тооны өнгө, будгийн химийн элементийн найрлагыг тэмдэглэн, бүртгэн баримтжуулсан байна.

Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамбын Туул голын хөвөөн дэх Ногоон ордныг 1893-1903 онд бариулжээ. Ногоон ордныг хэд хэдэн удаа өргөтгөн шинэ барилга байгууламжууд нэмж барьсан байна. Тухайлбал 1911 онд VIII Богд Жавзандамбыг Богд хаант Монгол улсын эзэн хаанаар өргөмжилсөн түүхэн үйл явдалд зориулж 1912-1919 онд Амгалан энхийн хаалгыг бариулжээ. Хаалганы зураг төслийг уран барилгач “Зоригт” цолтой Баажав тэргүүтэй Санжид, Тэжаан нар зохиожээ. 1913 онд Өвлийн ордонтой залгуулан хувцасны сангийн барилга, мөн Богдын бор зааны өвлийн байшинг хашааны баруун хэсэгт тус тус бариулсан байна.

Энэхүү түүх, шашин соёлын дурсгалт барилга байгууламжийг сэргээн засварлахад шаардлагатай найман өнгийн 15 төрлийн эрдэс будгийн түүхий эдийн дээжийг өнгөрсөн аравдугаар сард хоёр аймгийн гурван газраас авчээ. Үүний дараа мэргэжилтнүүд Богд хааны ордон музейн барилга байгууламжийн өнгө будгийн судалгааны үр дүнгийн хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *