The Majesty presents болон Богд хааны
ордон музей хамтран энэ сарын 22-ны бямба гарагийн 17 цагаас “Night at
Bogd Khan’s Palace” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээний гол зорилго нь орчин
үеийн хөгжмөөр дамжуулан өөрийн орны залуус, гадаадын иргэд, жуулчдад
Монгол улсын түүхэн дурсгалт газрыг сурталчлан таниулах юм.
Богд хааны ордон музей нь Монголын
сүүлчийн эзэн хааны өөрийн амьдарч байсан мөн тусгаар тогтнолын гэрч
болсон түүхэн газар юм. Өдгөө энэхүү цогцолбор газарт Буддын урлахуйн
ухааны гайхалтай бүтээлүүд, хаан, хатны эдэлж хэрэглэж байсан хувцас,
эдлэл хэрэгслүүд тэргүүтэй олон дурсгалт үзмэрүүд хадгалагдаж, олны
хүртээл болсоор байна.
Энэхүү үйл ажиллагаа нь орчин үеийн
хөгжим тэр дундаа underground electronic хөгжмийг залууст жинхэнэ утгаар
мэдрүүлэхийн сацуу залуу үеийг нэгтгэн түүх, соёл, урлагийн өвийг
хамгаалах, сэргээхэд уриалж байгаагаараа урьд өмнө зохион байгуулагдаж
байсан ижил төрлийн арга хэмжээнүүдээс ялгаатай байх болно гэж зохион
байгуулагчид онцолж байна. “Night at Bogd Khan’s Palace” electro
хөгжмийн шоунд Dj.Henza, Dj.BTR /Лондонгоос/, Dj. Билгүүдэй
/Бээжингээс/, ММP Dj.TMK нар оролцож өөрийн сетүүдээрээ үзэгчдийн
сонорыг мялаахаар уригдаад байгаа ажээ. Мөн дуучин А.Хишигдалай продюсер
Тэмүүлэнтэй хамтарсан шинэ уран бүтээлээ хүргэнэ. Нэмж сонирхуулахад
Цамын бүжиг ч арга хэмжээний хөтөлбөрт багтаад байгаа юм. Хөгжим тоног
төхөөрөмж, гэрэлтүүлгийг Total music, арга хэмжээнд ирсэн зочдын хоол
зуушыг тогооч Г.Тэнгис, үйл ажиллагааны аюулгүй байдлыг ханган харуул
хамгаалалтын “Зевс секьюрити” компани хамртран ажиллаж байна. Тус үйл
ажиллагаа нь дэлхийн хөгжингүй орнуудын орчин цагийн музейнүүдэд олон
нийт рүү чиглэсэн соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулагддаг жишгийг
нэвтрүүлж буйн илрэл болж байна. Night at Bogd Khan’s Palace арга
хэмжээ нь Богд хааны ордны Амгалан Энхийн хаалганы өмнөх ёслол
хүндэтгэлийн талбайд болох гэж буйгаараа онцлогтой.
Дашрамд дурдахад Амгалан Энхийн хаалга
нь 108 өөр төрлийн оньстой, нэг ч хадаас ороогүй баригдсан уран барилгын
онцгой гайхам шийдэлтэйгээр үл барам Монгол улсын тусгаар тогтнолын
хаалга хэмээн нэрлэж ч болох хаалга юм. Учир нь Манжийн эрхшээл ноёрхлыг
эсэргүүцсэн монголчуудын эрх чөлөөний тэмцэл 1911 оны сүүлчээр ялалтаар
төгсөж VIII Богд гэгээнийг Монгол улсын шашин төрийг хослон баригч
хэмжээгүй эрхт хаанаар өргөмжилсөн явдалд зориулж 1912-1919 онд уг
хаалгыг бариулсан юм.