Монгол банкнаас Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцууллаа.
Өнгөрсөн оны арван нэгдүгээр сараас хойш бодлогын хүү түүхэн доод түвшин болох 6 хувьтай байгаа юм.
Мөнгөний бодлогын хороо улиралд нэг удаа хуралддаг. Тэд өнгөрсөн зургадугаар сард хуралдаж, бодлогын хүүг хэвээр үлдээсэн юм. Түүнчлэн өнөөдрийн хурлаар бодлогын хүүг мөн хэвээр үлдээхээр болсон талаар төв банкнаас мэдээллээ.
Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Сүүлийн жил гаруй хугацаанд цар тахлын улмаас эдийн засгийн хүндхэн сорилттой тулгарсан. Энэ үед төв банкны мөнгөний бодлого нь дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг дэмжихэд чиглэж ирсэн.
2021 оны мөнгөний бодлогын есдүгээр сарын хурлын шийдвэр, эдийн засгийн дотоод гадаад орчин, цаашдын төлөв хандлага хэрхэн өөрчлөгдөж буй талаарх Монгол банкны байр суурийг та бүхэнтэй хуваалцъя.
Инфляци энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9 хувь, нийслэлийн хэмжээнд 9.1 хувь хүрч бага зэрэг нэмэгдсэн. Гэхдээ 2022 онд инфляц төв банкны зорилтот түвшинд ирж тогтворжино гэж харж байна.
Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөвийг гол салбаруудаар авч үзвэл уул уурхайн салбарын хоёрдугаар улиралд саарсан хандлага ажиглагдаж, үлдсэн хугацаанд нийт өсөлтөд дэмжлэг үзүүлэхээргүй байна гэсэн тооцоо гарсан. Энэ нь экспортын гацаатай холбоотой. Харин уул уурхайн бус салбарын хувьд эрчимжих хүлээлттэй байна.
Түүнчлэн ирэх онд зэсийн баяжмалын агууламжийн өөрчлөлттэй холбоотойгоор тус салбарын өсөлт саарах бол уул уурхайн салбарын өсөлт ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх хүлээлттэй. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогын өсөлт эдийн засгийн дотоод эргэлтийг нэмэгдүүлнэ гэж Монголбанкны зүгээс харж байна. 2021 ондоо багтаад уул уурхайн бус салбарууд цар тахлын өмнөх үедээ орвол цаашид илүү өсөлттэй байна гэж төсөөлж байгаа.
2021 оны долдугаар сарын байдлаар банкны системийн зээлийн үлдэгдэл 12 хувиар өссөн.
Түүнчлэн шинээр олгосон зээлийн дундаж хүү долдугаар сарын байдлаар 12.8 хувь болж нэгдүгээр сарын түвшингээс 2.4 нэгж хувиар буурсан байна.
Бодлогын өнөөгийн төлөв нь имфляцийн зорилттой нийцтэй байгаа бөгөөд төв банк эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүйгээр дунд хугацааны имфляцийн зорилтоо биелүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлнэ. Тэгэхээр Засгийн Газартай хамтран хэрэгжүүлж буй 10 их наядын төлөвлөгөө хэвээрээ хэрэгжинэ.