Categories
мэдээ нийгэм

“Бодь групп” нэрийг хэн ч эзэмших эрхгүй болжээ

Монголд хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн ардчиллын үйл явцтай зэрэгцэн анхны хувийн компаниуд бий болсноос хойш даруй 25 жил өнгөрч байна. Компанийн хөгжлийн түүхийг Монголынхоо хөрсөн дээр бичилцэж яваа үндэсний компаниуд дотроос хөрөнгө оруулагчдынх нь хоорондын зөрчил ил өрнөж, өмч хөрөнгийн маргаан нь шүүх хүртлээ үргэлжлэн өндрөө авсан бараг анхны жишээ нь “Бодь” группийг тойрсон асуудал гэхэд болно.

Банк, санхүүгийн салбар, цаашлаад эдийн засгийн секторт ихээхэн нөлөө бүхий “Голомт” банкны хувь заяа яригдсан, олны танил улстөрч Л.Болдын карьер хөндөгдсөн гэдэг утгаараа шууд л бизнес, улстөрчдийн сонирхлыг татаж байсан. Тэгвэл хоёр жил шахам ил, далд өрнөсөн хөрөнгө оруулагчдын маргааны төгсгөл нь “Бодь” гэдэг брэнд нэрийг хэн эзэмших вэ гэдгээ шүүхээр шүүн хэлэлцүүлсэн явдал боллоо. Энэ маргааныг өнгөрсөн оны тавдугаар сард Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж эхэлсэн байдаг. Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, энэ оны нэгдүгээр сард Улсын Дээд шүүхээр хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргасан байна. Гурван шатны шүүх нэг ижил шийдвэрийг гаргасан юм. Иргэн Л.Болдхуягийн нэр дээрх “Бодь групп” ХХК-ийн Улсын бүртгэлийг цуцлах нь зүйтэй гэсэн эцсийн шийдвэрийг Улсын дээд шүүх өнгөрсөн сарын 26-нд гаргалаа.

Энд нэр дурдагдаж буй Л.Болдхуяг нь улстөрч Л.Болдын төрсөн дүү гэдгийг хүмүүс мэдэх байх. Тэдний зүгээс өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргаж, шүүхийн шийдвэрийг хүндэтгэн дагаж, “Бодь групп” гэдэг нэрийг ашиглах боломжгүй болсноо илэрхийлсэн.

Олон нийтэд нэгэнт танил болсон гэдэг утгаараа “Бодь” нэрийг тойрсон энэ маргааны учрыг тайлбарлахгүй бол хэрэглэгчдийн толгой эргэж байгаа нь нууц биш. Жишээ нь “Бодь даатгал” ХХК л гэхэд манайдаа машинтай хүн болгоны тал нь үйлчлүүлдэг компани.

Эх сурвалжийн тайлбарлаж байгаагаар өнөөдөр “Бодь” нэрийг эзэмшиж байгаа компаниуд жишээ нь “Бодь даатгал”ХХК, “Бодь инвест” ХХК, “Бодь цамхаг” ХХК зэрэг нь энэ нэрээ үргэлжлүүлэн эзэмших юм байна. Харин эдгээр “Бодь” нэртэй компаниудыг эзэмшиж байгаа Л.Болдхуяг нар өөрсдийн компанийн нэгдлийг “Бодь групп” гэх нэрээр Улсын бүртгэлд бүртгүүлээд байсныг шүүх үндэслэлгүй гэж үзэн цуцлах нь зүйтэй гэж үзжээ.

Шүүхийн шийдвэр яагаад ингэж гарсан, ингэснээр хэнд ямар ашигтай талаар ярихын өмнө нэг тайлбар хийх хэрэгтэй болов уу. Хуваагдсан хөрөнгө оруулагчдын нөгөө тал болох Д.Баясгалангийн эзэмшилд “Бодь интернэйшнл” ХХК үлдсэн бөгөөд тэрээр уг компаниа мөн энэ нэрээр нь эзэмших бололцоотой юм. Гэтэл тэрээр “Бодь групп” ХХК гэдэг компанийг Л.Болдхуяг, Л.Болд нар эзэмшихээр улсын бүртгэлд бүртгүүлээд байсныг эсэргүүцэн анх шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэрчлэн иргэн Д.Баясгалан яг энэ нэрээр буюу “Бодь групп” ХХК-ийн нэртэй компанийг Улсын бүртгэлд бүртгүүлэхээр давхар хүсэлт гаргаснаар маргаан эхэлжээ.

Л.Болд, Л.Болдхуяг нарын аав С.Лувсанвандан гэдэг хүн анх 1989 онд “Бодь хоршоо” нэртэй бүрэн бус хариуцлагатай компанийг байгуулан оёдлын цех, жижиг дэлгүүр зэргийг ажиллуулж эхэлсний үндэс суурин дээр “Бодь” ХХК үүсч, улмаар түүний хүү Л.Болд 1996 онд “Бодь” ХХК-ийг төлөөлж иргэн Д.Баясгалан, иргэн М.Зоригт нартай хамтран “Бодь интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Ингэхдээ “иргэн Л.Болд” гэдгээр бус, харин “Бодь ХХК-ийг төлөөлж Л.Болд” гэдгээр компани үүсгэн байгуулах шийдвэр, гэрээнд гарын үсэг зурж оролцсон байдаг. Эдгээр баримт бичгүүдэд тусгасан хамгийн гол асуудал нь “Бодь” гэдэг нэр оролцуулж хараат болон охин компаниуд байгуулахыг үүсгэн байгуулагч “Бодь” ХХК зөвшөөрсөн байдаг. Хууль эрхзүйн холбогдох бичиг баримт талаас “Бодь” нэрээр дахиад компани байгуулах эрх нь “Бодь” ХХК-д буюу Л.Болд нарт байгаа гэж харагдаж байна. Харин анхан шатны шүүх уг маргаанд холбогдолгүй заалтыг үндэслэн Л.Болдхуягийн “Бодь групп” ХХК-ийн бүртгэлийг цуцлахаар шийдвэрлэсэн гэж өмгөөлөгч нь үзэж байна. Ийм ч учраас Л.Болд, Л.Болдхуяг нар өөрсдийнх нь эрхийг хязгаарласан анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан аж. Тэдний хувьд аавынх нь төрж, өссөн газар Баянхонгор аймгийн Богд сумын нутаг дахь Бодь толгой, Бодийн хар ус гэдэгтэй компанийнх нь нэр салшгүй холбоотой. Тэр тусмаа яг энэ нэрээр аав нь анх байгуулж, өвлүүлж үлдээсэн гэдэг утгаараа яах аргагүй нэрийг өмчлөх учиртай гэж өөрсдөө үзэж байгаагаа шүүхийн шатанд ч, хэвлэлээр ч ил тод илэрхийлсээр ирсэн.

Шүүхийн шийдвэр хэрхэн гарав?

Тэгвэл компанийн нэрийн маргааныг хэлэлцсэн анхан шатны шүүх Л.Болдхуягийн бүртгүүлсэн “Бодь групп” ХХК-ийн бүртгэлийг цуцлахыг, улмаар иргэн Д.Баясгалангийн нэр дээр “Бодь групп” ХХК-ийг бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасан шийдвэр гаргаж байсан. Энэхүү шүүх хурлын бүтэн видео бичлэг нийтийн мэдээллийн сүлжээнд ил тавигдсан ба маргаанд оролцогч тал болох “Бодь” ХХК шүүх хурлын шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй, шууд нөгөө талын эрх ашгийг баримталсан шийдвэр гэж тухайн үед мэдэгдэж байжээ. Улмаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр илэрхий нэг талыг баримталсан гэх хөндлөнгийн шүүмжлэлийг дагалдаад “Л.Болд банкаа, компаниа, цаашлаад аавынхаа өгсөн нэрийг ч булаалгалаа” гэсэн ойлголт тодорхой хүрээнд бий болсон нь ч үнэн. Энэ бүхний дараа давж заалдах шатны шүүх асуудлыг хэлэлцэхдээ ёстой л “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” гэдэг байдлаар шийдвэр гаргасан гэлтэй. Учир юу гэхээр анхан шатны шүүхээс гаргасан “Л.Болдхуягийн нэр дээрх “Бодь групп” ХХК-ийн бүртгэлийг цуцлах” шийдвэрийг хүчинтэй үлдээгээд “Д.Баясгалангийн нэр дээр “Бодь групп” ХХК”-ийг бүртгэхийг даалга” гэсэн шийдвэрийг нь хүчингүй болгожээ. “Ингээд булаалдаад байх юм бол аль аль нь хоосон хоцор” гэсэн байдлаар хандсан мэт. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр дунд бас нэг логикийн зөрчил байгаа нь иргэн Д.Баясгалангийн өмнөөс гомдол гаргасан “Бодь интернэйшл” ХХК-ийг итгэмжлэлгүй гэж үзсэн мөртлөө гаргасан гомдлынх нь мөрөөр хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн явдал аж. Гэсэн хэдий ч Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ.

Шүүхийн шийдвэр хэнд ямар ашигтай вэ?

Гурван ч шатны шүүхээр хэлэлцэн гаргасан шийдвэрийг хүндэтгэн дагахаа иргэн Л.Болдхуяг мэдэгдсэн ч “Бодь” нэртэй компаниудын нэгдэлдээ энэ нэрийг оноон өгөх эрхээ хаалгасандаа тэрээр мэдээж гомдолтой үлдсэн нь тодорхой. Нөгөө талд нэрийг булаацалдан гомдол гаргасан хуучин хувь эзэмшигч Д.Баясгалан ч уг нэрийг эзэмших эрхгүй болсондоо гонсгор байгаа биз. Гэхдээ гомдол гаргасан Д.Баясгалангийн хувьд нийгэмд “Болд” гэсэнтэй бараг адил уншигддаг “Бодь” хэмээх нэрийг цаашид өөрийн бизнестээ ашиглах чин хүсэлтэй гэдэг юу л бол. Ийм нөхцөлд “Бодь” гэсэн нэрээр цаашид үйл ажиллагаа явуулах нь бизнесийн үйл ажиллагаанд нь таатай нөхцөл, нэр хүнд авч ирэхгүй гэдгийг “Голомт” банкны тэргүүн Д.Баясгалан сайн мэдэх хүн.

Г.Ялгуун

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *