Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарыг харилцан уялдаатай хамтран хөгжүүлэх чиглэлийг тусгасан. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээвэр хөгжлийн яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв болон Иргэний нисэхийн үндэсний төв зэрэг байгууллагуудаас бүрдсэн мэргэжлийн зөвлөл өнөөдөр цахимаар хуралдлаа.
Хэдийгээр COVID19 цар тахлын улмаас аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хүнд нөхцөл байдалтай байгаа ч үр дүнтэй хамтран ажилласнаар богино хугацаанд сэргэх боломжтой гэдгийг хуралд оролцогчид онцолсон. Өнөөдрийн цахим хуралдаанаас гарсан саналыг нэгтгэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулах бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж ажиллах юм.