Categories
мэдээ улс-төр

БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНТУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар туршлагатай дипломатч томилогдон ирснийг онцолж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн боломжуудын талаар санал солилцсон юм.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш түүхэн улбаа бүхий уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улсад Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаа гэлээ. Үргэлжлүүлэн, хоёр орны хамтын ажиллагааг аялал жуулчлал, худалдаа, хөдөө аж ахуй, соёл, түүхийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, цаашлаад хоёр орны хооронд өндөр, дээд түвшний айлчлалуудыг зохион байгуулах чиглэлд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улс, БНТУ-ын хооронд шууд нислэг нээснээр аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болсныг тэмдэглэв. Тухайлбал, Монгол Улс бол хөдөө аж ахуйн орон бөгөөд Зүүн Ази-Монгол-Турк гэсэн аяллын маршрутыг хөгжүүлэх өргөн нөөц бололцоо бий гэлээ.

Улмаар аялал жуулчлалын салбарт хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн танилцуулгыг Элчин сайдад хүргүүлэхээ хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНТУ-ын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн мэндчилгээний хариуд халуун дотно мэндийг нь уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *