Монголоос хууль бусаар хил давуулж БНСУ руу оруулсан үлэг гүрвэлийн олдворыг эх оронд нь буцаасан талаар БНСУ-ын Ерөнхий Прокурор өнөөдөр мэдэгдэл хийлээ.
Тус улсын Ерөнхий Прокурорын газар Монгол Улсаас хууль бусаар хил давуулж оруулж ирсэн үлэг гүрвэлийн олдворыг эх оронд нь буцаах болсноо өнгөрсөн баасан гаригт олон нийтэд зарласан юм. Тэгвэл өнөөдөр өндөр албан тушаалтан нь дээрх мэдэгдлийг ийнхүү баталгаажууллаа.
БНСУ-ын хоёр иргэн монголчуудтай үгсэн хуйвалдаж, Тарбозавр батаар, протоцерапторын яс, өөр бусад үлэг гүрвэлийн чулуужсан өндөг зэргийг 2014 онд Монгол Улсаас хууль бусаар гаргаж, БНСУ руу оруулж ирсэн байжээ. Дээр дурдсан үлэг гүрвэлийн үлдэгдлүүд нь зөвхөн Монголоос олддог нь гарал үүслийг нь тогтоох ажлыг хөнгөвчилж өгсөн байна.
БНСУ-ын Ерөнхий прокурор мэдэгдэлдээ Сөүл гадаадын улсаас хууль бусаар орж ирсэн соёлын өвийг эх оронд нь буцаасан анхны тохиолдол болж байгааг цохон тэмдэглэсэн байна.
Монголын эрх баригчид Сөүлийн энэ үйлдлийн хариуд баяр талархал илэрхийлж, Монголын үлэг гүрвэлийн үзвэрийг БНСУ-д удаан хугацаагаар үзмэр болгох санал тавьсан гэж уг мэдээг уламжилсан “Ёнхап” агентлагийн мэдээлэлд дурджээ.