БНСУ-ын Засгийн газраас 2018 оноос эхлэн суралцах Бакалаврын зэрэг олгох дөрвөн жилийн болон Мэргэжлийн сургалтад хамруулж үнэмлэх олгох хоёр жилийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зарласан байна. Монгол Улсаас бакалаврын зэрэгт мэргэжил, сургууль харгалзахгүйгээр гурван оюутныг БНСУ-с Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан сонгон шалгаруулах юм. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчдын материалыг 2017 оны есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 5-ны хооронд Элчин сайдын яамны байранд хүлээн авах ажээ.
Тэтгэлэгт тавих шалгуур
ИРГЭНШИЛ: Өргөдөл гаргагч оюутан өөрөө болон эцэг эх хоёулаа Монгол Улсын харъяат иргэн байна
НАС: 2018 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар 25 хүртэлх насны иргэд (1993 оны гуравдугаар сарын 1-нээс хойш төрсөн иргэд)
Боловсролын байдал: 2016 оны наймдугаар сарын 31-ний байдлаар бүрэн дунд боловсролын үнэмлэхээ гардан авсан болон гардан авах гэж байгаа сурагч
Төгсөх ангийн сурагчийн хувьд материал өгөх үедээ төгсөх гэж байгаа тухай тодорхойлолтоо хавсаргаж өгөх бөгөөд төгссөний дараа 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бүрэн дунд боловсролын үнэмлэхээ хавсаргаж нөхөн өгөх. Өмнө нь БНСУ-ын Засгийн газрын өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх.
ДҮН: Хамгийн сүүлд төгссөн сургуулийн бүх улирлын дүнгийн голч оноо нь (GPA) дараах болзлыг хангасан байна.
- 4.0 бүрэн онооноос голч дүн 3.49 дээш байх
- 4.3 бүрэн онооноос голч дүн 3.75 дээш байх
- 4.5 бүрэн онооноос голч дүн 3.91 дээш байх
- 100 онооны системтэй бол голч дүн 90-аас дээш оноотой байх
- Дүнгийн оноог хувилан бодохдоо хавсралт Appendix A. GPA хуваарийг ашиглах
Дээрх болзлыг хангаагүй хүний материалыг шалгуурт тэнцээгүйд тооцно.
Материалд хавсаргаж өгсөн дүнгийн жагсаалтад голч оноог тэмдэглээгүй аль эсвэл GPA аргачлалаар оноог хувилж тооцоход бэрхшээлтэй тохиолдолд тухайн төгссөн сургуулиас авсан албан ёсны тайлбар тодорхойлолтыг хавсаргаж өгнө.
Хүсэлт гаргах маягт болон заавар гарын авлага, сургуулиуд, мэргэжлийн тэнхимүүдийн талаарх мэдээллийг доорх холбоосуудаар орж татаж авна уу.
- Хоёр жидийн мэргэжлийн сургалтад хамрагдах хүсэлт гаргах
- Элчин сайдын яамаар дамжуулан бакалаврын тэтгэлэгт хүсэлт гаргах
- Сургуулиар дамжуулан бакалаврын тэтгэлэгт хүсэлт гаргах
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцан төгсөгчдийн холбоо/ KGSP-Alumni Mongolia / болон БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн элч нар хамтран уг тэтгэлэгт хүсэлт гаргагчдад зориулсан мэдээлэл олгох семинарийг есдүгээр сарын 21-ний 18:30 цагт “Монгол Шуудан” ХК-ийн 3 давхарт 306 тоотод зохион байгуулна. Семинарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийг kgspalumnimgl@gmail.com хаягаар авах боломжтой.