БНСУ-ын төв банк сүүлийн 24 жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрч хөөрөгдсөн инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөж, 2,50 хувьд хүргэж байна. Энэ нь, тус улсын төв банк 1999 онд мөнгөний бодлогын тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн цагаас хойших, хамгийн өндөр өсөлт болж байна.
Тодруулбал, инфляцын дарамтыг бууруулах, гадагшаа чиглэж байгаа хөрөнгийн урсгалыг зогсоох хүчин чармайлтын хүрээнд, Өмнөд Солонгосын төв банк түүхэндээ анх удаа мөнгөний бодлогын жишиг хүүгээ 4 сар дараалан өсгөж байна. Дэлхий нийтэд инфляцын дарамт нэмэгдэж байгаа энэ үед, тус улсын засгийн газар өнгөрсөн 8 дугаар сараас мөнгөний хатуу бодлого баримталж байна.
Азид эдийн засгаараа 4-рт эрэмбэлэгддэг, Өмнөд Солонгос улсад, хүнс, эрчим хүчний үнийн өсөлтийн нөлөөгөөр хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 5,2 хувиар өсжээ. Энэ нь 1998 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Хөөрөгдөн инфляцыг хязгаарлахын тулд, Солонгосын төв банк энэ оныг дуустал, бодлогын хүүгээ дахин 3-4 удаа нэмж, энэ оны төгсгөл гэхэд, 3хувьтай байх болов уу гэж, Азийн эдийн засагчид таамаглаж байна.
Ирэх 2023 онд, Өмнөд Солонгосын инфляцын түвшин зорилтот 2хувиас дээгүүр байх ийм төлөвтэй байна. Тухайлбал, энэ оны төгсгөл гэхэд, инфляц 5хувьд хүрч бага зэрэг буурсаар, 2023 онд 2,7 хувьтай байх болов уу гэж төсөөлжээ. Өмнөд Солонгосын төв банк, энэ онд эдийн засаг аажмаар сэргэж, 2,7 хувьд хүрч өсөх төлөвтэй байгааг мөн мэдэгдлээ. Гэхдээ, энэ нь, өнгөрсөн 2 дугаар сард гарсан төсөөллөөс 0,3 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Өөрөөр хэлбэл, инфляцын дарамтаас шалтгаалан, тус улс эдийн засгийн өсөлтийн төлөвөө бууруулж төсөөлжээ. Японы судалгааны Номура агентлагаас гаргасан судалгаанаас харахад, Азийн хэмжээнд цаашид инфляцын түвшин өсөх төлөвтэй байна. Мөн, Ази тивийн хувьд, хүнс өргөн хэрэглээний барааны үнэ 7-9 сард хамгийн их өсөх төлөвтэй байна.
Ялангуяа, Сингапур, Өмнөд Солонгос болон Филиппин зэрэг орнууд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнд нь, гаднын импортод ихээхэн түшиглэдэгтэй холбоотой юм байна. НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан судалгаанд, дэлхийн зах зээл дээр, өнгөрсөн 6 дугаар сард улаан буудайн үнэ өнгөрсөн сартай харьцуулахад 6 хувиар буурсан ч, 2021 оны мөн үетэй харьцуулбал 48 хувиар өсжээ. Үүний зэрэгцээ, мах сүүн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сартай харьцуулахад 2-4 хувь өсжээ.
Үндсэндээ, зөвхөн Ази төдийгүй, дэлхий нийтийн хэмжээнд инфляцын түвшин түүхэн дээд үзүүлэлтийг харуулж байна, үүнд, Украины хямрал, цар тахалтай холбоотой бараа нийлүүлэлтийн тасалдал голчлон нөлөөлж байна гэж шинжээчид үзэж байна.