Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын инженерүүд Таван Толгой Түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрийн технологийн горимыг хийж байна

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаар орчны бохирдлын төслүүдийн удирдагч Д.Ихбаяр нар өнөөдөр “Таван толгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэр дээр ажиллалаа.

БНСУ-ын инженерүүд Таван Толгой Түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрийн технологийн горимыг хийж байна

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс барьж ашиглалтад оруулсан зүүн бүсийн үйлдвэр үйлдвэрлэлийн горимд ажиллаж эхэлсэн бөгөөд өдөртөө 1000 гаруй тонн шахмал түлшийг үйлдвэрлэж байна. Энэхүү үйлдвэрийн давуу тал нь түлшээ газан бойлуур ашиглаж, усыг уур болгох байдлаар боловсруулах технологитой. БНСУ-ын уг технологийг нийт зургаан шугаманд суурилуулсан бөгөөд, шахмал түлш богино хугацаанд чийгээ хаяж, шууд савлагаанд шилжүүлдгээрээ давуу талтай. Мөн орчны тоосжилт, агаарын бохирдлыг багасгах үүднээс бутлуурын хэсгийн байгууламжийг газрын дор 9 метрийн гүнд байгуулсан байна.

Зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНСУ-ын Jeil machinery ХХК нийлүүлсэн бөгөөд тус компанийн удирдлагууд эдгээр өдөрт тус үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн технологийн горимын тохиргоотой танилцан, зааварчилгаа өгч байгаа юм. Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн хугацаанд тус компанийн инженер технологийн ажилтнууд манай улсад ирж чадаагүй байсан юм. Улмаар арванхоёрдугаар сарын эхээр БНСУ-аас Jeil machinery ХХК-ийн инженер, технологичид ирж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, технологийн горимыг үйлдвэрлэлийн жигд ажиллагаанд шилжүүлэх талаар монгол инженерүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа аж. Зүүн бүсийн үйлдвэр ирэх сардаа багтан үйлдвэрлэлийн жигд горимд бүрэн шилжиж өдөрт 3500 орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр зорьж байна.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь технологийн хувьд сайжирсан. Мөн үйлдвэрлэсэн түлшийг хатаах, савлах үйл явцыг богино хугацаанд шийдэж буйгаас гадна бүтээгдэхүүний бат бөх байдал сайжирна. Ингэснээр түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх асуудал ч давхар шийдэгдэнэ” гэлээ.

Мөн тэрбээр Таван Толгой Түлш компанийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэхтэй холбоотой асуудалд “Цаашид зүүн бүсийн үйлдвэр дээр гурван шугам нэмж байгуулбал баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэснээс бага зардлаар Улаанбаатар хотыг түлшээр хангах боломж бий болно” хэмээн онцоллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *