Монголын хэвлэл мэдээллээр гарсан БНСУ-ын ЭСЯ-тай холбогдолтой мэдээний талаар тус улсын ЭСЯ байр сууриа илэрхийлэн, мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Сүүлийн өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллээр манай Элчин сайдын яамтай холбоотой “БНСУ-ын Элчин сайдыг хахуулийн хэрэгт буруутгав”, “БНСУ-ын Элчин сайд төсвөө хувийн зориулалтаар ашигладаг байжээ”(Үндэсний шуудан, Монголын үнэн), “Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамыг шалгаж байна”(Монголын мэдээ) гэх гарчигтай мэдээ нийтлэгдсэн байна. Дээрх мэдээ нь солонгост гарсан мэдээг эш татаж гаргасан байна. Гэвч солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг талыг баримталсан, бодит байдлаас зөрүүтэй, шалгаж судлаагүй мэдээ гаргасан учир Элчин сайд Жон Жэ Нам тэр даруй БНСУ-ын Засгийн газарт өөрөө хүсэлт гаргаж, удахгүй албан ёсны шалгалт хийх гэж байгаа бөгөөд үүгээр үнэн мөнийг тогтоох болно. Элчин сайд Жон Жэ Нам солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагуудын асуултад тайлбар өгсний дагуу солонгосын хэвлэл мэдээллээр цаашид үүнтэй холбоотой зөвхөн нэг талыг баримталсан мэдээлэл гаргахаа ихэнх нь зогсоосон байгаа юм. Иймд албан ёсны шалгалтын үр дүн гартал монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мөн тус Элчин сайдын яам болон Элчин сайдад сөргөөр нөлөөлж болохуйц нэг талыг баримталсан мэдээг гаргахгүй байхыг хүсч байна. Ийм мэдээ хэвлэл мэдээллээр гарах болсон шалтгааныг солонгосын визийг дүрэм журмын дагуу зохицуулан ажиллаж буй Элчин сайд Жон Жэ Намын талаар хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж буй арга хэмжээ гэж үзэж байгаа бөгөөд үүнийг нотлох материал ч хэд хэд байгаа юм. Одоогийн байдлаар албан ёсны шалгалт хийгээгүй байгаа учир дараа зохих цагт олон нийтэд дэлгэх тухай судалж байна” гэжээ.