Өнгөрсөн ням гаригт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн бас нэг туслахыг цагдан хорьсон байна. Мөн гурав дахь туслах нь өчигдөр цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн бололтой. БНСУ-ын Ерөнхийлөгчийн дотнын туслах, бизнес эрхлэгч Чой Сүн Силь нь урлаг, спортын салбарыг дэмжих үндэсний хэмжээний сайн дурын санг санаачлан байгуулсан.
Ерөнхийлөгч Пак Гын Хегийн гурван туслах энэхүү санд томоохон компаниудад шахалт, дарамт үзүүлэн мөнгө цуглуулсан байх магадлалтай гэж цагдаагийн газраас үзэж, дуудан шалгахаар болсон аж. Бизнес эрхлэгч Чой Сүн Силийн санаачилгаар “Мир” болон “К-спорт” нэртэй сангууд үүсгэн байгуулагдсан ба тус санд Солонгос улсдаа тэргүүлэх 20 гаруй компани, нийт 80 тэрбум орчим вонныг хандивласан ажээ.