БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин удахгүй АНУ-ыг зорино. Тэрээр Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дүгээр чуулганд оролцох юм байна. Гэвч энэ нь айлчлалынх нь гол зорилго биш бололтой.
Өмнөд Солонгосын төрийн тэргүүн юуны өмнө АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай яриа хэлэлцээ хийхийг чухалчилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, АНУ ба Умард Солонгосын хоорондох яриа хэлэлцээг сэргээх тал дээр бүхий л талаар хүчин чармайх юм байна.
Ажиглагчдын үзэж буйгаар БНСУ-ын төрийн тэргүүн энэхүү үйлдлээрээ Солонгосын хойгийн асуудлаарх зуучлалын үүргээ идэвхжүүлэх гэнэ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Д.Трампыг Пхеньянд урьсан тухай мэдээлэл цацагдсан удаатай. Харин АНУ-ын ерөнхийлөгч энэхүү уулзалтад бэлгэлгүй байгаагаа мэдэгдсэн юм.
Мүн Жэ Ин Нью-Йоркт очих тухай мэдээлэл цацагдахаас хэд хоногийн өмнө тэрээр НҮБ-ын Ерөнхий ассамблейд улсаа төлөөлүүлж ерөнхий сайд Ли Нак Ён эсхүл Гадаад хэргийн сайд Кан Гён Хва нарыг явуулах талаар хөндөж байсан. Гэвч шийдвэрээ өөрчлөн өөрөө оролцохоор болсон. Тэрээр энэ боломжоо ашиглан умард хөрштэйгөө харилцаагаа сэргээхээр чармайж байна.
Учир нь сүүлийн хэдэн сар Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Солонгосын хойгийн асуудлаар АНУ, БНАСАУ-ын хооронд зуучлах улс хэрэггүй гэсэн удаатай. Ким Жөн Ун мөн “Хоёр Солонгос хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэж өнгөн дээрээ хэлэх авч юу ч хийхгүй байна” хэмээн шүүмжилсэн.
БНСУ-ын төрийн тэргүүн есдүгээр сарын 22-нд Нью-Йоркт очих юм. Тэрээр тус хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд үг хэлнэ. 74 дэх тус чуулган есдүгээр сарын 17-нд эхэлжээ. Энэ удаагийн чуулган “Ядуурлыг арилгах, чанартай боловсрол, цаг уурын үйл ажиллагаа, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт хүчин чармайлтыг дэмжих” сэдвийн хүрээнд болж буй юм. Нээлтийн ажиллагаанд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гүтэрриш, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дүгээр чуулганы дарга Тиджани Мохамед Бунди, НҮБ-д суугаа улс орнуудын байнгын төлөөлөгчид оролцжээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулган есдүгээр сарын 16-нд өндөрлөсөн аж.