БНСУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгч Юн Сүк Ёлд бараалхав.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёлд уламжилж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Мөн цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, хоёр улсын иргэдийн солилцоог өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын иргэдийг тодорхой хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлсөнтэй холбогдуулан монгол иргэд БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарахыг хүсэв.
БНСУ-тай улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, агаарын харилцааг либералчлах хүрээнд агаарын ачаа тээврийг нэмэгдүүлэх, геологи, уул уурхайн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилт тавьж буйг тэмдэглэв.
Ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг гардууллаа.
Уулзалтад БНСУ-ын Гадаад хэргийн сайдад нэр дэвшигч Пак Жин, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа нар оролцлоо.