БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг 2021 оны зургадугаар сарын 29, 30-ны өдөр цахимаар зохион байгуулж, нийт 3469 иргэн бүртгүүлсэн байна.
Эдгээр иргэнээс Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалтыг БНСУ-ын аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас ирүүлсэн хуваарийн дагуу 2021 оны есдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 19 нд ХХҮЕГ-ын байранд өдөрт 4 ээлжээр зохион байгуулж байна.
Шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд ханган зохион байгуулж байгаа бөгөөд хариуг арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зарлах юм.
Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визний хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Тусгай шалгалтад 83 иргэн бүртгүүлээд байна. Тусгай шалгалтыг есдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, хариуг аравдугаар сарын 20-нд зарлана.
Энгийн болон тусгай шалгалтад тэнцсэн иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн 2022, 2023 оны нөөцөд орно.