БНХАУ Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах саналаа Гадаад хэргийн яамныхаа цахим хуудсанд өнөөдөр нийтэлжээ.
“Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх Хятадын байр суурь” нэртэй уг баримт бичиг нь дараах 12 заалттай байна.
- Бүх улс орны тусгаар тогтнолыг хүндэтгэх. БНХАУ нь олон улсын хууль тогтоомж, тэр дундаа НҮБ-ын Дүрмийг давхар стандартгүй дагаж мөрдөх шаардлагатайгаас гадна, “бүх улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулах ёстой” гэж үзэж байна.
- “Хүйтэн дайны сэтгэхүйгээс татгалзах”. Хятад улс “нэг улсын аюулгүй байдлыг хангахдаа бусад орны аюулгүй байдлыг алдагдуулах замаар, бүс нутгийн аюулгүй байдлыг цэргийн блокуудыг бэхжүүлэх, өргөжүүлэх замаар хангах боломжгүй” гэдэгт итгэлтэй байна. Тус улс “бүх улс орны аюулгүй байдлын хууль ёсны ашиг сонирхолд” нухацтай хандах, мөн “Европт аюулгүй байдлын тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой бүтцийг байгуулахад дэмжлэг үзүүлэх”, ” бүлэг лагериудын хооронд сөргөлдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэхийг” уриалж байна.
- Гал зогсоох. Хятад улс “дайнд ялагч байхгүй” гэдгийг сануулахын сацуу “талууд бүгд ухаалаг, тэвчээртэй, гал дээр тос нэмэхгүй, мөргөлдөөнийг хурцатгахгүй байж, Украины хямрал хяналтаас гарахаас сэргийлэх ёстой” гэж үзэж байна.
- Энхийн хэлэлцээг эхлүүлэх. “Украины хямралаас гарах цорын ганц бодит арга зам бол яриа хэлэлцээ хийх”, олон улсын хамтын нийгэмлэгээс мөргөлдөөнд оролцогч талуудад “улс төрийн аргаар зохицуулах үүд хаалгыг нээхэд” туслах, түүнчлэн энэ нөхцөлийг бүрдүүлж, хэлэлцээ хийх талбараар хангах ёстой” гэж БНХАУ үзэж байна.
- Хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх. Бээжин “энгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах”, тэднийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн зурвас /коридор/ бий болгох, хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, энэ асуудалд НҮБ-ын гүйцэтгэх үүргийг дэмжихийг уриалж байна.
- Энгийн иргэд, олзны хүмүүсийг хамгаалах. Мөргөлдөөнд оролцогч талууд энгийн иргэд болон иргэний зориулалттай байгууламжуудад халдахаасаа татгалзаж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалж, дайнд олзлогдогсдын эрхийг хүндэтгэх ёстойг Хятад улс тэмдэглэж байна. Тус улс Орос, Украины хооронд олзны хүмүүсийг солилцоход илүү таатай нөхцөл бүрдүүлэхийг уриалав.
- Атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хангах. БНХАУ “энхийн зорилгоор ашиглаж буй цөмийн байгууламжууд руу”, ялангуяа атомын цахилгаан станцуудад зэвсэгт халдлага үйлдэхийг эсэргүүцэх шаардлагатай гэж үзэж байна. Баримт бичигт дурдсанаар, талууд цөмийн аюулгүй байдлын тухай конвенцыг дагаж мөрдөж, цөмийн ослоос зайлсхийх ёстой.
- Стратегийн эрсдэлийг бууруулах. Цөмийн зэвсгийг хэрэглэж болохгүй бөгөөд тэдгээрийг ашиглах эсвэл ашиглах аюулын эсрэг тэмцэх шаардлагатай байгааг Бээжин онцлон тэмдэглэж байна. Тус улс мөн “биологийн болон химийн зэвсгийг ямар ч нөхцөлд аль ч улс орон хөгжүүлэх, ашиглахыг эсэргүүцэж байна”.
- Үр тарианы экспортыг баталгаажуулах. 2022 онд Орос, Украин, Турк болон НҮБ-ын гарын үсэг зурсан Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх тухай гэрээг талууд дагаж мөрдөх ёстой гэж БНХАУ үзэж байна. Хүнсний аюулгүй байдлын салбарт олон улсын хамтын ажиллагааны талаар БНХАУ-ын дэвшүүлсэн санаачилга нь дэлхийн хүнсний хямралыг даван туулах боломжтой хувилбар юм.
- Дангаар хориг арга хэмжээ авахаа зогсоох. Ийм арга хэмжээ нь “асуудлыг шийдэхгүй төдийгүй шинээр бий болгоно” гэж Хятад улс үзэж байна. Тус улс бүх улс оронд хандан “нэг талын хориг арга хэмжээг урвуулан ашиглахаа зогсоож”, оронд нь “Украины хямралыг намжаах, хөгжиж буй орнуудын эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүмүүсийн амьдралын нөхцөлийг сайжруулахад үүрэг гүйцэтгэхийг” уриалж байна.