Дэлхий даяар эрчим хүчний салбарт хямрал нүүрлэх эрсдэлтэй болоод байна. Тухайлбал: БНХАУ-д үүсээд буй эрчим хүчний хомсдол иргэдийн амьдрал, цаашлаад эдийн засгийн өсөлтөд хүртэл нөлөөлөхүйц түвшинд хүрээд байна.
Дотооддоо үүссэн энэ хямралыг тогтворжуулахын тулд ОХУ, Монгол, Индонез улсаас импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэж БНХАУ-ын Жилин мужийн захирагч уриалсан байна. Тэрбээр нүүрсний нийлүүлэлтийг хангахад хэд хэдэн нийлүүлэлтийн суваг бий болгох хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн ӨМӨЗО-ы нүүрсний компаниудтай хийсэн гэрээгээ баталгаажуулахаар тусгай төлөөлөгчид явуулна гэж мэдэгдээд байгаа юм.
Одоо үүсээд буй эрчим хүчний хямрал аж үйлдвэрийн салбарт мөн хүндхэн тусаж байна. БНХАУ-ын нүүрсний нийлүүлэлт буурч үнэ нь эрс өссөн нь үүнд голлон нөлөөлж байгаа юм. БНХАУ-ын Zhengzhou биржид эрчим хүчний нүүрсний үнэ 5.3 хувиар өсөж, тонн нь 1297 юань хүрээд байна.