Өнгөрсөн хоногт БНХАУ-д шинж тэмдэггүй тохиолдлуудыг оруулаад коронавирусний халдварын 7600 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мягмар гаргасан мэдээллээр, эрүүл мэндийн байгууллагуудад нийт 48 275 өвчтөн, үүнээс шинж тэмдэггүй 41 031 хүн эмчлүүлж байна. Энэ нь жилийн өмнөхөөс бараг 30 дахин их үзүүлэлт юм Халдвар авсан хүмүүсийн 96 хувь нь дотооддоо халдварласан бөгөөд 4 хувь нь гаднаас зөөвөрлөгдөн иржээ.
Сүүлийн үед “COVID-19”-ийн халдварын нэлээд хүнд нөхцөл байдал өмнөд Гуандун муж болон ӨМӨЗО-ийн хойд хэсэг, Шинжааны баруун хойд нутаг гэсэн хоёр өөртөө засах бүсэд ажиглагдаж байна. Эдгээр гурван бүс нутагт одоогоор Хятадын тусгай эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж буй халдвартай нийт хүний 50 орчим хувь нь ногдож байна.
Хятадын Засгийн газар ковидын эсрэг хяналтын хатуу арга хэмжээгээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд Бээжин хотын нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн газруудад амны хаалт заавал зүүх ёстой. Мөн хүн амыг коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээнд тогтмол хамруулж байгаагаас гадна, дэлгүүрүүд болон бусад бүх олон нийтийн байгууллагад “эрүүл мэндийн код”-оо үүдэнд нь заавал шалгуулах ёстой. Энэ нь ухаалаг гар утасны программ бөгөөд тухайн хүн сүүлийн хэдэн өдөр тахлын халдварт албан ёсоор өртөөгүй болохыг баталдаг байна. Тус улсад халдварын өндөр эсвэл дунд эрсдэлтэй суурьшлын бүсийн тоо 5 700 орчим болсон байна. Яг жилийн өмнө ийм бүсийн тоо 70 гаруйхан байжээ.