Categories
мэдээ цаг-үе

БНХАУ-ын гангийн үйлдвэрийг багасгах бодлого түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж магадгүй

Манай улсын сүүлийн гурван жилийн нийт экспортын 70-80 хувийг эрдсийн бүтээгдэхүүн эзэлжээ. Дийлэнх нь зэс, нүүрсний худалдаа байна. Аливаа эдийн засаг ялангуяа манайх шиг жижиг зах зээлтэй улс бараа бүтээгдэхүүнээ экспортолно эсвэл гадаадаас хөрөнгө оруулалт татна. Нэг бол өр тавьж байж хатуу валютын нөөц үүсгэдэг хэдхэн замтай. Яг өнөөдрийн байдлаар экспорт хийж, хөрөнгө оруулалт татаж, манай эдийн засгийг нэг мөсөн сөхрүүлчихэлгүй авч яваа цорын ганц салбар нь уул уурхай. Харамсалтай нь энэ салбарын хөрөнгө оруулалт одоохондоо хангалттай сайн биш байна.

Аз болж дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ сэргэлээ. 2017 онд геополитикийн хурцадмал асуудлууд томоохон улс орнуудын дунд намжихгүй байгаа нь алтны үнийг 1200 ам.доллараас дээш гарахад нөлөөлөв. Мөн цахилгаан тээврийн хэрэгсэл, эрчим хүч хадгалах зай хураагуурын шинэ технологиуд зэс болон цайрын үнийг сүүлийн хэдэн жилд байгаагүй өндөрт хүргэжээ. Одоогийн байдлаар Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ 6600 доллараас давсан байна.

Хятад улсын дотоодын нүүрсний эрэлт нэмэгдлээ. Хойд Солонгосын эсрэг НҮБ-ын хориг ид хэрэгжиж байгаа учраас урд хөрш хойдуудаас нүүрс авахгүй гэдгээ зарласан. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэрээр Өвөр Монгол дахь нүүрсний хоёр том уурхайг хаалаа. Хятадын Засгийн газраас уул уурхайн салбар дахь бүхий л олборлолт, үйлдвэрлэлийн ажлын хоногийг эрс багасгасан. Хятад руу нүүрс нийлүүлдэг улсууд ч олборлолтоо хумьсан. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд Энэтхэгийн нүүрсний хэрэглээ тасралтгүй өсч, дотоодын нүүрсний олборлолт нь нэмэгдсэн тул экспортоо бууруулжээ. Хятадын дотоодод нүүрсний эрэлт бий болоход нөлөөлсөн хүчин зүйлүүд энэ.

Ахархан хугацаанд үүссэн дээрх нөхцөл байдлууд монголчуудад нүүрсний экспортоо нэмэгдүүлэх боломжийг олгосон. Бид ч ашиглаж чадсанаар эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй гарав. БНХАУ хойд Солонгост тавьсан нүүрсний хоригоо цуцалсныг эс тооцвол бусад хүчин зүйлүүд нь одоо ч хэвээрээ. БНХАУ-ын коксжих нүүрсний гол ордууд байрладаг Шаньси муж гамшигт нэрвэгдэж, том агуулахууд нь усанд автжээ. Тиймээс тус улсын нүүрсний эрэлттэй байдал 2017 оныг дуустал үргэлжилнэ гэсэн таамгийг ихэнх шинжээчид дэвшүүлж байна. Тийм бол манайд л ашигтай. Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байж чадвал шүү дээ. Гэхдээ нийлүүлэлтээ дан шороон замаар, ачааны машинаар зөөвөрлөдөг сул тал нь бидэнд чөдөр тушаа болсоор байна.

Нөгөө талд цөөнгүй шинжээч олон улсын эдийн засгийн нөхцөл байдлыг хуримын дараахь “бал сар”-тай зүйрлэж байна. Учир нь АНУ, Австрали, Канад гэх мэт хөгжингүй орнуудад хөрөнгийн үнэлгээ урьд өмнө нь цөөн тохиож байсан шигээ дээд цэгтээ хүрчээ. Хөрөнгийн биржийн индексүүд нь заримдаа дээд амжилт тогтоож байгаа аж. Жишээ нь АНУ-ын дундаж компанийн үнэлгээ тухайн жилийн ашгийг 30 дахин нугалсантай тэнцдэг болж. 1990 оны хөөсрөлтийн үе, 1929 оны их хямралын өмнө л АНУ-ын хөрөнгийн зах ийм өндөр үнэлгээтэй байжээ. Энэ нь цаашид Хойд Америк болон Ази Номхон далайн бүсэд үүссэн хөрөнгийн үнийн хөөсрөлтийг дэвэргэж магадгүй болчихоод байгаа юм байна.

Мөн БНХАУ-ын Коммунист намын их хурал энэ сарын 18-нд болох хүлээлттэй зэрэгцэн тус улсын бодлого боловсруулагчид агаарын бохирдлыг бууруулах нэрийн дор нүүрсний олборлолт болон ган боловсруулах үйлдвэрүүдийг ирэх онд багасгахаар төлөвлөж байгаагаа зарлаад эхэлжээ. Энэ мэт хүчин зүйлүүд нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж магадгүйг шинжээчид сануулж байна.

Тухайлбал, 2019 онд дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ 50 ам.доллараас дээш гарахгүй. Гол хэрэглэгч улс болох Хятадын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд төмрийн хүдрийн олборлолт явуулдаг уурхайнуудын тусгай зөвшөөрлүүдийн гуравны нэгийг цуцлахаар төлөвлөсөн гэнэ. Нийлүүлэгч гол улс Австралийн далайн боомтууд дээр төмрийн хүдрийн үнэ мөн л буурч эхэлжээ. Нүүрсний үнэ ч ялгаагүй. Хятадын дотоодын асуудал цаг зуурынх байх өндөр магадлалтай. Тэдний хамгийн том нийлүүлэгч Австралийн нүүрсний үнэ ч цаашид төдийлөн өсөхгүй. Тийм учраас 2017 оны дунд үеэс эхлэн үнэ хямдарч, 2019, 2020 он хүртэл сэргэхгүй гэж Дэлхийн банкны шинжээчид төсөөлжээ.

Хятад улс дэлхийн коксжих нүүрсний талыг олборлож, 46 орчим хувийг хэрэглэдэг орон. Өөрөө нүүрсний арвин нөөцтэй. Нөөцийнх нь 25 орчим хувь нь коксжих нүүрс. Гэхдээ нийт уурхайн 86 орчим хувь нь гүнийх учраас олборлолтыг их зардлаар хийдэг. Чанартай ган хайлуулах сайн чанарын коксжих нүүрсний нөөцөөр хомс. Тиймээс импортоор сайн чанарын коксжих нүүрс авах хэрэгцээ урд хөршид бий. Гэвч гангийн үйлдвэрүүдээ багасгах бодлого баривал коксжих нүүрсний импортоо бууруулна гэсэн үг. Энэ нь нүүрсний үнэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Дагаад Хятадаас хараат манай эдийн засаг савлах нь гэсэн болгоомжлол судлаачдын дунд үүсчээ. Учир нь Монгол Улсын нийт экспортын 91 хувийг, импортын 28 хувийг дангаараа Хятад улс эзэлдэг.

Тиймээс Монгол Улс дараагийн Оюу толгой, Таван толгойг илрүүлж олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг эргүүлэн татах нь нэн чухал байгааг эдийн засагчид онцолж байна. Ердөө 10 тэрбум ам.долларын эдийн засагтай манайх шиг орон сэргэхэд амархан. 2009-2011 онд эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт авсан арга хэмжээгээ давтахад бидэнд боломж бийг шинжээчид хэлж байгаа юм.

Гадагшаа чиглэсэн үйлдвэрлэгч орон болохын тулд эхлээд дотоодын аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадамжийг сайжруулж, дэлхийн стандартад нийцсэн, өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагаа ч мартаж болохгүй.

Үүнээс гадна бондын өрийг бондоор дарах таатай үе тохиочихоод байгааг алдаж болохгүйг эдийн засагчид сануулж байна. Ирак, Египет, Украйн зэрэг дайн самуунтай орнууд олон улсаас долоон хувийн хүүтэй бонд босголоо. Зургаан удаа дефолт зарласан Аргентин хүртэл 100 жилийн хугацаатай бонд гаргасан байна. Энэ жишээнүүд манайд ч боломж байгааг батлан харуулсан дохио ажээ.

Я.МӨНГӨН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *