Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хаймин-ыг хүлээн авч уулзан хоёр улсын эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хоёр улсын эрүүл мэндийн салбар хооронд халдварт өвчний талаар харилцан туршлага солилцох, урьдчилан сэргийлэх; анхан шатны тусламж үйлчилгээ болон эх, хүүхдийн эрүүл мэнд; уламжлалт анагаах ухаан; анагаах ухааны сургалт болон эрдэм шинжилгээ зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж ирсэн юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг манай хоёр улс олон жилийн хамтын ажиллагаатай, ялангуяа эрүүл мэндийн салбарт 1991 оноос эхлэн хамтын ажиллагааны хэлэлцээр, төлөвлөгөөг 4 жилийн хугацаатайгаар байгуулан ажиллаж, Эрүүл мэндийн сайд нар харилцан айлчлал хийн, саналаа солилцсоор ирсэн гэдгийг дурдав. Тэрээр цааш хэлэхдээ, хоёр улсын ЭМЯ-д хоорондын 2012-2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хүчинтэй хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан уг төлөвлөгөөг шинэчлэн байгуулах саналыг боловсруулан ГХЯ-д хүргүүлсэн байгаа гэв.

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНХАУ-ын ЗГ-аас МУ-ын ЗГ-т олгож буй буцалтгүй тусламжийн тодорхой хувь болох 50 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарт зарцуулах болсонд баяртай байгаагаа дуулгалаа.

Элчин сайд ноён Син Хаймин анх удаа МУ-ын ЭМЯ дээр ирж байгаадаа талархалтай байна. Манай улсаас үзүүлж буй тусламж нь МУ-ын эрүүл мэндийн салбарын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, ард иргэдэд бодитой хувь нэмэр болно гэж итгэж байгаа. Цаашид хоёр улсын ЭМЯ-д хоорондын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх санамж бичгийг баталгаажуулах ажлыг эрчимжүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *