Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын Covid-19-ийн эсрэг вакциныг сая гаруй хүн тариулжээ

Хятадын үндэсний эм үйлдвэрлэгч групп “Синофарм”-ын бүтээж, туршилтын явцдаа буй Covid-19-ийн эсрэг вакциныг тус улсын яаралтай тусламжийн хөтөлбөрийн дагуу сая гаруй хүн тариулсан талаар эрх баригчид нь өчигдөр (2020.11.19) мэдээлжээ.

Хятад улс яаралтай тусламжийн хөтөлбөрийг долдугаар сард эхлүүлж, улмаар өрсөлдөгч гурван вакцины туршилт бүрэн дуусаагүй, аюулгүй эсэхийг нь баталгаажуулж амжаагүй байсан ч нэн шаардлагатай бүлгийн хүмүүст тарихаар болсон байна.

“Синофарм”-ын дарга Лью Жинжен “Одоогийн байдлаар тус хөтөлбөрийн дагуу бүрэн батлагдаагүй вакцинуудыг тариулсан хүмүүст ноцтой гаж нөлөө илрээгүй” хэмээн мэдээлжээ.

Вакцин бүтээх, хөгжүүлэх, турших ажилд хамгийн өндөр амжилттай яваа гурван вакцины хоёрыг нь “Синофарм”-ын харьяа Хятадын үндэсний биотехнологийн хүрээлэн бүтээсэн бол үлдсэн нэгийг нь “Синовак” биотехнологийн компани бүтээсэн байна.

Одоогийн байдлаар аль вакцин нь хамгийн аюулгүй бөгөөд цаашид зөвшөөрөл авч чадах магадлал өндөр байгаа талаар албан тушаалтнууд тайлбар өгөөгүй байгаа аж.

“Синофарм”-ын бүтээсэн вакцинууд хүний эсэд гэмтэл учруулах боломжгүй, идэвхгүй болгосон вирусийг ашиглан дархлааны тогтолцоог өдөөх замаар ажилладаг бөгөөд хоёр тунтай юм байна.

Вакцинуудын эцсийн буюу гуравдугаар шатны туршилт нийт 60 мянган хүнийг хамруулан олон улсад эхэлж, 14 хоногийн дараа 40 мянган оролцогчийн цусны дээжийг Бээжинд авчирч шинжилж байгаа аж.

Харин яаралтай тусламжийн хөтөлбөрийн дагуу нэгдсэн журмаар вакцин тариулсан хүмүүсийн дунд барилгын ажилчид, дипломатчид, гадаадад сурдаг оюутнууд багтаж буй бөгөөд тэдний дундаас нэг ч хүн халдвар аваагүй байна.

Гэхдээ мэргэжилтнүүд вакцины талаар бүрэн мэдээлэлгүй байхад ийнхүү олон хүнд тарих нь вакцины үр дүнг тодорхойлоход саад учруулах эрсдэлтэй хэмээн санаа зовж байгаа ажээ.

Эх сурвалж: REUTERS

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *