Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлээр хэрэгжүүлж буй Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг 2020 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.
Францын Хэли-Юнион компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг нийлүүлэхэд бэлэн болсон байна.
Үүнтэй холбогдуулан тус компаниас хоёрдугаар сарын 22-ны өдөр өөрийн компани дээр ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.
Арга хэмжээнд ОБЕГ-ыг төлөөлж Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-наас болон уг төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй Францын Эдийн засаг, санхүүгийн яам, Софема, ТHALES, Airbus компанийн төлөөлөгчид оролцлоо.
Хэли-Юнион компаниас өөрийн үйлчилгээ, засварын газар болон ОБЕГ-т хүлээлгэн өгөх хоёр нисдэг тэргийг үзэж танилцууллаа.
Хэли-Юнион компаний тэргүүн Патрик Молис төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ төслийн явцын талаар танилцуулж, уг төслийг бодит ажил хэрэг болгоход Софема групп чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв.