Германы “BMW” групп энэ оны эхний есөн сарын хугацаанд “BMW”, “MINI” брэндийн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй 128 мянга гаруй тээврийн хэрэгсэл худалдаалсан нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт болсон талаараа даваа гарагт мэдэгджээ.
Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй загваруудын борлуулалт “огцом өслөө” гэж “BMW” группийн удирдах зөвлөлийн гишүүн Питер Нота мэдээлээд, компани “цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэлгэрүүлэх шилжилтийн үйл явцыг үргэлжлүүлсээр байгааг онцолсон байна.
2025 оны эцэс гэхэд тус автомашин үйлдвэрлэгч хоёр сар гаруй бүрэн цахилгаан тээврийн хэрэгсэл худалдаалахаар зорьж байна.
Германд шинэ цахилгаан тээврийн хэрэгсэл худалдан авахад 9000 хүртэлх еврогийн /8730 ам.доллар/ урамшуулал олгох шийдвэр 2022 оны эцэс хүртэл хэрэгжих юм. Германы Засгийн газар 2030 он гэхэд орон даяар зорчих бүрэн цахилгаан тээврийн хэрэгслүүдийн тоог 15 саяд хүргэх зорилт дэвшүүлсэн байна.
“BMW”, “MINI”, “Rolls-Royce” брэндийн энэ оны эхний есөн сарын нийт борлуулалтын хувьд өмнөх оны мөн үеийнхээс 9.5 хувиар буурч, 1.75 сая орчимд хүрсэн байна. Үүнд 2022 оны эхний хагаст нийлүүлэлтийн сүлжээнд саатал тасалдал учирч, Украин-Оросын зөрчлийн улмаас нийлүүлэлт буурсан нь нөлөөлжээ.
Гэхдээ “BMW”-гийн гуравдугаар улирлын борлуулалт өмнөх оны мөн үеийнхтэй дүйцэж өссөн болохыг тайлан харуулсан байна. Тухайн улиралд “BMW”, “MINI”-гийн борлуулалт Европт 11.1 хувиар буурсан бол АНУ-д 3.8 хувиар, БНХАУ-д 5.7 хувиар тус тус өсжээ.