Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Бизнест амжилт гаргая гэвэл жудагтай байх ёстой DNN.mn

Бизнесийн салбарт ашиг орлогоо хэрхэн олох, яаж ажиллах, ажилладаг талаар сурвалжиллаа. Эхлээд Зуун айл барилгын материалын худалдааны төвийг зорив. Даваа гаригт эндэх худалдаа эрхлэгчид амардаг юм байна. Хөл хөдөлгөөн багатай, бараг хүнгүй шахам эл хуль гудамж угтав. Ингээд тэндээсээ барилгын материалын үнийг судлахаар буцлаа. Байшин барихаар Орос, Хятадаас барилгын материалаа цуглуулаад ирсэн иргэн С.Алтангэрэлтэй холбогдов. Тэрбээр “Орос, Хятадаар явж барилгынхаа материалыг цуглуулаад ирлээ. Гайхалтай нь Монголд зарагдаж байгаа барилгын материалын үнээс хэд дахин хямд байдаг юм байна. Надад хэрэгтэй барилгын материал бүгд олдоц сайтай, маш хямд. Жишээ нь, Монголд 65 мянган төгрөгийн үнэтэй обой 20500, бүргэд хаалга 250-800 мянга. 800 мянган төгрөгийн хаалгыг Монголд 1.5 саяар худалдаалж байна. Паркетан шал 12-35 мянган төгрөгийн хооронд. Сайтинг нэг ширхэг нь 24500, шилэн хөвөн боодолдоо зургаан ширхэг, 5 см зузаантай нь 19500, дээврийн төмөр 1 м нь 8500 төгрөг. Дутавр 12 м нь 450 мянган төгрөг. Хар панер чанартай нэг ширхэг нь 43 мянга. Гипсэн хавтан 10 мянга байсан. Сантехникийн материалуудын үнэ бүгд манайд зарагдаж байгаагаас хамаагүй хямд. Цонх м.кв нь 130-140 мянган төгрөгийн үнэтэй. Гол асуудал нь гааль юм байна лээ. Өөрсдөө гааль хийнэ гэж байхаар каргонд явуулсан нь дээр юм билээ” гэв. Түүний хэлсэн барилгын материалуудын Монголд зарагдаж байгаа үнэ ханшийг судаллаа. Обой 55-75 мянга, бүргэд хаалга 800 мянган төгрөгөөс дээш. Паркетан шал 1 м.кв нь 18 мянга, сайтинг нэг ширхэг нь 27 мянга, шилэн хөвөн зургаан ширхэгтэй 5 см зузаантай нь 90 мянга, дээврийн төмөр 1 м нь 15 мянга, хар панер нэг ширхэг нь 45 мянган төгрөгөөс дээш. Гипсэн хавтан 15-25 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ талаар иргэн С.Алтангэрэл хэлэхдээ “Монголд бизнес эрхэлдэг хүмүүс ашиг хонжоо л их хардаг юм байна. Хэрэглэгчээ ер боддоггүй. Би сая яваад ирэхдээ мэдэрлээ. 19500 төгрөгийн үнэтэй зүйлийг энд авчраад 90 мянгаар зарж байна. Ашиг гаргах гэж бизнес хийж байгаа ч гэсэн олон улсад 20-30 хувийн л ашиг олох ёстой гэдэг. Гэтэл манайд 80-150 бараг 200 хувь давсан ашиг хардаг. Гэтэл иргэдийн цалин ямар билээ. Арай үнэтэй, хэд дахин нугалж зарж байгааг нь мэдэхгүй л авдаг байлаа. Өөрийн нүдээр үзээд үнэхээр итгэсэнгүй. Хэт өндөр ашиг харж байгаа нь ёс зүйгүй л үйлдэл юм даа гэж бодож байлаа” гэлээ.

Ингээд бизнес эрхлэгчдийн бас нэгэн төлөөлөл болсон зам дагуух цайны газруудын нэгээр орлоо. Цайны цаг дөхөж байгаа ч үйлчлүүлэгч цөөнтэй байх шиг харагдав. Энэ цайны газар хоёр заалтай. Нэг зааландаа 4-8 хүний таван ширээтэй. Тэрхүү зааланд нь хоёр хүн сууж байв. Үүдний зааланд 4-8 хүний арав гаруй ширээ байв. Мөн л хоёр хүн суугаад хоолоо хүлээж байв. Хоолоо хүлээж байх хооронд нь хэсэгхэн ярилцав.

-Та эндхийн байнгын үйлчлүүлэгч үү?

-Хааяа л цайны цагаараа харих завгүй үедээ ордог.

-Эдний хоолны амт чанар үнийн талаар юу гэж бодож байна вэ?

-Хоол бол давгүй амттай. Харин үнэ нь өмнөхөө бодвол 2000-3000 нэмэгдчихэж. Цуйван 8500-10000 болчихож. Одоо ер нь ихэнх газрын хоолны үнэ 10000-15000 төгрөг болж байна. Боломжтой бол гэртээ хүнсээ аваад хоолоо хийгээд идсэн нь дээр юм байна. 2-3 хүн хооллоход хамгийн багадаа 40000, тэрнийхээ оронд гэрийнхээ хүнсийг цуглуулсан нь хамаагүй дээр. Анх ордог байхад хүн багатай үнэ нь ч энийгээ бодвол бага байсан санагдаж байна.

-Үнэ нэмэгдэхийн хэрээр хоолны амт чанар, орчин өөрчлөгдөж байна уу?

-Нэг их өөрчлөгдсөн юм анзаарагдсангүй. Сая будаатай хуурга авч идэхэд харин ч порц нь бага байх шиг санагдлаа. Хүнсний үнэ өсөхөөр үнээ нэмдэг юм байлгүй.

Гэтэл хамт хооллохоор сууж байсан эмэгтэй “Эдний хоол анхныхаасаа жаахан амт нь өөрчлөгдөөд байгаа. Тогооч нь солигдсон юм болов уу. Эртээд гэртээ харьж амжихгүй эндээс нэг хоол авч идтэл шарсан төмснөөс нь хөгз шиг амт амтагдаад нэг хэсэг дахиж энүүгээр үйлчлүүлээгүй. Уг нь эднийх арай хямд, аятайхан амттай хоолтой байлаа. Цайны цагаар битүү хүнтэй, суудал олдохгүй, хүмүүс очерлоод зогсож байдаг байсан. Одоо хар л даа. Цайны цаг болох гэж байхад бараг хүнгүй байгаа биз. Амт нь эргээд сайжирсан болов уу гэж бодоод орж ирсэн юм. Хүн багатай байхыг бодвол сайжраагүй бололтой. Үнэ нь өсөөд амт чанар порц нь багасаад, муудаад байхаар хэн ч орж ирэх вэ дээ” хэмээн үг нэмэв. Биднийг ийн ярилцаж байх хооронд дахин хоёр хүн орж ирээд хоосон ширээг эзлэн суусан байлаа. Цайны газрын үйлчилгээний ажилтантай ярилцах гэсэн боловч татгалзав.

Цайны газраас гараад Вьетнам засвар гэсэн хаягтай автомашин засварын газрыг зорилоо. 2-3 машин эгнэн зогсжээ. Засварчин нь монгол хүн байлаа. Түүнтэй ярилцах хүсэлт тавьсанд зөвшөөрөв.

-Таныг хэн гэдэг вэ. Автомашин засварын ажлыг хэдэн жил хийж байна вэ?

-Намайг Билгүүн гэдэг. Машин засаад арав гаруй жил болж байна. Энэ хооронд нэлээд хэдэн байнгын үйлчлүүлэгчтэй болсон. Тэд маань нэмээд найз нөхөд, танилаа дагуулаад л ирдэг.

-Энэхүү автозасварын газар таны өөрийн эзэмшлийнх үү?

-Энэ газрыг би түрээсээр ажиллуулаад гурван жил болж байна. Үйлчлүүлэгч байнга нэмэгдээд их ээлтэй санагдаад нэг мэдсэн гурван жил өнгөрчээ.

-Өдөрт хичнээн машин засдаг вэ?

-Машины эвдрэлээс хамаараад янз янз даа. Заримдаа нэг машиныг хэдэн өдрөөр засах хэрэг гарна. Заримдаа өдөртөө 4-5 машин засчихна. Янз бүр дээ.

-Та ганцаараа ажилладаг юм уу?

-Дахиад хоёр засварчин бий. Одоогоор цайндаа орохоор явсан байна. Тэр хоёртоо цалинг нь олгоод, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь төлдөг. Хүний хөдөлмөрийг зөв үнэлж, ажилтнаа хүндэлж байж л ашиг орлого нэмэгдэнэ шүү дээ. Манай үйлчлүүлэгчид үйлчлүүлэгч дагуулаад л ирдэг. Тэр болгонд сэтгэлээсээ чанартай засч өгөөд явуулахыг боддог. Их ч бай бага ч бай бизнес л хийж байгаа болохоор жудагтай байхыг хичээдэг. Жудаггүй бол бизнес хөгжихгүй үйлчлүүлэгчээ алдана шүү дээ. Хүний мөнгийг авч л байгаа бол хариуцлагаа бүрэн дүүрэн хүлээх хэрэгтэй. Чанар дагаж үнэ гэдэг байх аа.

-Жудаггүй бол бизнес хөгжихгүй гэлээ. Таны энэхүү үзэл санаа бизнесийн салбарт дутагдаад байх шиг?

-Маш олон хүн нэг юм эхлүүлээд жаахан байж байгаад л дампуурлаа гэдэг. Жишээ нь, хуушуур хийгээд зарвал үхрийн мах гэсэн бол үхрийн махаараа л хийх хэрэгтэй. Үүнээсээ эхлүүлээд л хүний жудаг гээч нь харагдаж байх хэрэгтэй. Нэг нь хуурсан бол нийтээрээ муухай хэлэгдэнэ. Тиймээс нөгөөгөө хөлдөө чирэхгүйн тулд адилхан л хичээх хэрэгтэй шүү дээ. Хэрэглэгч, үйлчлүүлэгчид үнэлгээгээ өөрсдөө өгөөд явна. Тиймээс бизнесийн зарчим, хувь хүний өөрийн ёс зүйгээсээ ухарч ёс жудгаа л алдаж болохгүй юм шүү гэж би өөртөө байнга хэлдэг юм.

Энэхүү машин засварын газраас нээрээ хүний хөл тасрахгүй эрэлт хэрэгцээ ихтэй ажээ. Биднийг яриад сууж байх хооронд хэд хэдэн үйлчлүүлэгч машинаа үзүүлэхээр ирсэн юм. Тэдний нэг Б.Отгонбаттай ярилцлаа.

-Та энэ засварын газраар байнга үйлчлүүлдэг үү?

-Тйим ээ. Үйлчлүүлээд хоёр жил болж байна.

-Яагаад байнга үйлчлүүлэх болов?

-Чанартай сайн засдаг. Хувь хүнийх нь харилцаа хандлага, засварчдаа удирдаж байгаа байдал нь их таалагддаг юм. Цөөхүүлээ болохоор ойлголцоход ч амар. Би урьд нь Монголдоо нэлээн алдартай газраар үйлчлүүлдэг байлаа. Нэр нь брэнд болчихсон юм чинь гээд итгэлтэй оруулж хаячихаад л явдаг байсан. Гэтэл удаа хөдөө явахаар болоод засвараа хийлгэчихээд гараад давхитал замдаа машин эвдрээд, дөнгөж засуулаад гарч байхад яагаад тэгдэг байна гэж бодоод бөөн зардал чирэгдэл болж хотоос хүн дуудаад буцсан. Нөгөө газартаа очоод ийм асуудал гарсан гээд хэлтэл “Явдаг газраараа яваарай” гэх мэтээр томроод хохирлыг минь барагдуулж өгөөгүй. Тэгээд тиймэрхүү нэр сүртэй газраар дахиж орохоо больсон.

-Одоо тэр газар ажилладаг уу?

-Ажилладаг. Бодвол дахиад олон хүн хохироож байгаа байх даа. Нэр төртэй алдартай газар байж улам л сайн чанаржуулахыг хичээмээр. Манай Монголд нэгэнт л нэрд гарчихсан бол яасан ч яадаг юм гэсэн гаж үзэгдэл л харагддаг. Үүнээсээ болж бизнес нь дампуурсан олон хүн байдаг. Жаахан юм үзсэн баймаар юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *