Энэ сарын 22-ны өдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Ач авралт охин тэнгэрүүд ба Дарь эх” нэртэй үзэсгэлэн нээгдэх юм байна. Ач авралт охин тэнгэрүүд хэмээн нэрлэдэг дөрвөн сахиуст Балданлхам бурхан ордог юм байна. Гал бичин жил гарахын өмнө энэхүү үзэсгэлэнг үзэгч олны хүртээл болгож байгаа нь учиртай аж. Жил бүрийн сүүлийн сарын адаг, битүүнд бар цагаар сүм хийдүүдэд сүсэгтэн олон түмэн зургаан зүйлийн амьтанд зориулан хамгийн түрүүн Балданлхам бурханыг тахидаг уламжлалтай аж. Түүнийг урин дуудахад айл бүрийн тооноор аз жаргал хайрладаг хэмээн бэлгэдэж, ирж буй ондоо сайн сайхан байхаа сахиустаа даатгасаар иржээ.
Балданлхам бурханыг баярлуулж чадваас ирж буй ондоо аюул зовлонгүй, амар амгалан байна. Тиймээс монголчууд түүнийг бүтээлгэн тахисаар иржээ. Балданлхам гэдэг нь монгол хэлнээ хөрвүүлэхэд Цогт төгөлдөр охин тэнгэр гэсэн утгатай бөгөөд түүний тухай олон хууч домог байдаг. Уншигчдадаа заримаас нь сонирхуулъя. Энэтхэгийн хиндү шашны “Махаапарата ба Рамааяана” туульсад бичсэнээр шарын шашны зарим бурхад, сахиусууд баатарлаг гавьяа байгуулан, бурханы дүрийг олсон тухай өгүүлдэг аж. Ганеш бурханы ээж үзэсгэлэнт дагина тэрсүүтнийг дарахын тулд ихэд уурлан Балданлхам болж хувирсан гэсэн домог байдаг. Энэ үзэсгэлэнгийн үеэр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн санд хадгалагдаж байдаг хосгүй үзмэрүүдийг архиваас гарган үзэгчдийн хүртээл болгох юм.
Үзэсгэлэнгийн талаар тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Д.Гоомаралаас тодрууллаа.
–Монголчуудын эрт дээр үеэс шүтэж ирсэн Балданлхам бурханы түүхээс уншигчдад сонирхуулаач?
-Балданлхам нь шарын шашныг хамгаалах арван хангал бурханы нэг. Догшин эмэгтэй хүний дүртэй бурхан. Энэтхэг, Шри-Ланка, Түвд зэрэг буддын шашинтай орнуудаас манайд орж ирсэн гэдэг. Цагаан сарын өмнө Балданлхам бурханыг залах зан үйлийг эртнээс хийдэг байсан. Өөрөөр хэлбэл энэ уламжлалт үйлийг Балданлхам бурханаар дамжуулан сануулах зорилгоор бид “Ач авралт охин тэнгэрүүд ба Дарь эх” нэртэй үзэсгэлэнг гаргаж байгаа юм.
–Танай музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг зарим ховор үзмэрүүдийг энэ үеэр үзэгчдийн хүртээл болгох юм байна?
-Манай музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрүүдээс хоёр ширхэг хосгүй үнэтэй бүтээлийг дэлгэн үзүүлнэ. Үүнд Балданлхам бурханы зээгт наамал мөн шүтээн зургийн нэг төрөл болох нагтан зураг тавигдана. Балданлхам бурханы зээгт наамлыг Их хүрээний нэрт урчууд хамтран бүтээсэн. Нөгөө нь танка зураг. Мөн энэ үзэсгэлэнд дүрслэх урлагийн төрлүүд болох модон баримал, бар, цутгуур зэрэг бүтээлүүд тавигдана.
Ер нь бол үзэсгэлэнг дэглэнэ гэдэг нь урлагийн бүтээл туурвиж байгаатай ижил юм. Түүнээс гадна бид үзэсгэлэнгийнхээ каталогийг гаргасан.
–Таны дурдсан энэ хоёр хосгүй бүтээлийг хаана хэзээ бүтээсэн юм бол?
-Түүнийг XIX-XX зууны эхэн үед бүтээсэн. 2005 онд урлагийн хосгүй бүтээлд бүртгэж авсан. Ер нь шашны үйлд зориулсан бүтээлийг хийсэн хүмүүс нь өөрийн нэрээ бичдэггүй байсан.
–Танай музейд тавигдсан байдаг Балданлхам бурханы талаар манай уншигчдад тайлбарлаж өгвөл сонин байх болов уу?
-Цагаан өнгийн даавуун дээр малын тархийг шороон будагтай хольж байгалийн өнгийг гаргаж авдаг. Дээрээс нь алт болон эрдэнийн чулуу мөн ургамлын гаралтай шороон будгийг ашигласан байдаг юм. Балданлхам сахуисын баруун талд нь матар толгойт, зүүн талд нь арслан толгойт хоёр дагуулыг дүрсэлсэн. Тэднийг нөхөрсэлт гэдэг. Түүнийг дөрвөн улирлыг даасан дөрвөн охин тэнгэрийн хамт зохиомжилсон. Балданлхам бурхан нь баруун гартаа очирт бороохой, зүүн гартаа цус бялхсан гавал барьсан нь догшин дүртэйг илэрхийлнэ. Очирт бороохой нь хорвоогийн амьтан бүхнийг өвчин зовлонгоос ангижруулан асран тэтгэхийг бэлгэднэ.
Харин цустай гавал нь амьдралыг тэтгэхийн илэрхийлэл. Бурхны унаж буй луусын ганзаганд байгаа хар цагаан шоо нь мэргэн байх ба хамаг амьтан туслахыг бэлгэдсэн. Баруун талд байгаа ороомог утас нь бүх тарнийн хүч биеллийг илэрхийлсэн. Балданлхам бурхан мөн мэргэ төлгийн үйлийг эрхшээх буюу ивээдэг.
–Танай музейгээс арван хангал бурхад үзэсгэлэн гаргаж байгаа. Энэ талаараа дэлгэрүүлэн ярина уу?
-Тиймээ. Хамгийн анх Очир аюултган үйлдэгч буюу Ямандаг бурханаар үзэсгэлэн гаргасан. Энэ нь арван хангал бурханы хамгийн тэргүүнд нь залардаг учир түүгээр эхэлсэн. Дараа нь “Нууцын эзэн буюу Очирваань” нэртэй үзэсгэлэн гаргасан. Энэ нь гурав дахь үзэсгэлэн болно. Ийнхүү арван хангал бурхадуудаа бүгдийг нь олны хүртээл болгож толилуулна. Өөрөөр хэлбэл эдгээр бурхадыг хэрхэн бүтээсэн буюу урлагийн хосгүй үнэт өв талаас нь харуулах зорилготой юм.