Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Битүүний өдрийн ёсон

Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг билээ. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг.

Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг сайхан уламжлалтай. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гүвж, хог буртгийг цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж, харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж, хур дэлийг нь засч бэлдэнэ.

Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу тавьж сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцас өмсөцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг билээ.


Доктор, профессор С.Дулам:
Битүүн” гэдэг бол миний судалснаар ан агнуурын соёлын үеэс буюу цагаан сараас өмнө тэмдэглэдэг байсан хувь сарын ой дурсамж. Өөрөөр хэлбэл их махан тайлга хийдэг, шүүс идээгээр голлон аж төрж байсан ан агнуурын соёлын үеийн үлдэц гэж болно. Насныхаа эрэмбээр мал амьтны эрхтнүүд оноосон эзэнтэй байсан.

Жишээ нь, эрэгтэй хүнд өвчүү өгч болохгүй. Өвчүү гэдэг бол эмэгтэй хүний, хатан хүний хоол шүү дээ. Дал дөрвөн өндрийг нагацын зоог, зээ нь нагацынхаа дэргэд дал барьж болохгүй гэх мэт ураг эшийн утгатай. Тийм болохоор битүүнд “битүүлэг зөрүүлнэ” гэж их ёс байсан. Үүнтэйгээ уялдаад битүүлнэ гэдэг маань өөрөө гурван утгатай.

Цагийн хувьд нэг бүтэн жил эргээд жилийн шувтарга болж байна. Дээр нь тэр шөнө тэнгэрт сар гарахгүй, харанхуй битүү болж байна. Мөн энэ өдөр битүү хоол буюу шүүс идээ, битүүлэг голдуу зооглодог. Түүнчлэн тэр орой ширээ болоод ширдэгний олон бэлгэдэлтэй тоглоомоор тоглоно. Хорол, үүчүүр, зэндмэнэ, төгс жаргалан мэтийн гэр барьдаг тоглоомууд бол ширээний тоглоом. Шагай голдуухан ширдэгний тоглоом.

Битүүний өдөр цээрлэх зан үйл:

  • 1. Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчлэнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэг гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тонтоож буй хэрэг.
  • 2. Битүүний өдөр нохой зодохыг цээрлэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.
  • 3. Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.
  • 4. Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээнэ.
  • 5. Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
  • 6. Гэр орондоо хэл ам, хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр, улс орон амар тайван бус байх бөлгөө хэмээн цээрлэдэг заншилтай.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *