Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Битүүлэх ёсон

Өнөөдөр битүүний өдөр. Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг сарын гучин, үдэж байгаа оны эцсийн үдэш билээ. Сар гарахгүй битүү харанхуй байдаг оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйл бүрэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг дэлбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Тиймээс монголчууд битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж битүүлэхийн өмнө зуухныхаа үнсийг авдаг. Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг.

Мөн энэ орой хаалганыхаа баруун хатавчин дээр гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрт түгээж явдаг Балданлхам бурхны унааг услахыг бэлгэддэг. Тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавина. Буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн буруу бүслүүртээ харгана хавчуулдаг ёсон бий.

Заншил ёсоор битүүлгийн шүүсэнд эрүүг нь заагаагүй толгой эсвэл өвчүү байна. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавьж дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж гургалдайны түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна. Толгойг гэрийн эзэн тагнайнаас нь, эзэгтэй эрүүнээс нь татаж, “Нэг амьтай боллоо” хэмээн хэлэлцэж эрүүг нь зааснаар битүүг эхлүүлдэг байна. Ингээд шинэ оноо элбэг дэлбэг угтаж буйг бэлэгшээн битүүний бууз, идээ цагааг битүүртлээ иддэг учиртай ажээ.

Энэ үдэш үүдний тотгон дээр мөс, будаа тавьдаг нарийн учиртай бөгөөд мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Мөн шар, цагаан аль ч будаа тавьж болох гэнэ. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой аж.

Битүүний орой алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, хорол зэндмэнэ эвлүүлэж тоглодог. Мөн дөрвөн бэрх буулгах, морь тэмээ уралдуулж тоглох нь малын тоо толгойгоо өсгөх, таван хошуу малаа хайрлан хүндлэж байгаагийн нэг илрэл ажээ. Дөрвөн бэрх буухад “мал малын захтай” хэмээн бэлэгшээдэгтэй холбоотой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *