-БИТҮҮНИЙ ӨДӨР ГЭРИЙНХЭЭ БАРУУН ТОТГОНЫ ДЭЭР ЦАГААН ЧУЛУУ ЮМ УУ, ЦЭВЭР УС, МӨС ТАВЬДАГ-
Цагаан сарын шинийн нэгнээс өмнө цагаалж, золгохын урьдтай, битүүлэх ёсыг ёсолдог. Энэ нь билгийн улирлын арван хоёрдугаар сарын 30 буюу бага сарын 29 гэсэн үг. Бидний бодлоор энэ нь эртний “Хувь сар”-ын ой дурсамж юм. Байгаль ертөнцийн эл үзэгдлээр уламжлан “Лавай” хэмээх өвлийн адаг сарын 30-ыг буцаж байгаа буурал жилийн отголох өдөр буюу хуучин оны битүүрэн хангирсах цаг хэмээн бэлгэдэн сэтгэж, тэрхүү бэлгэдлийг бас зан үйлээр бататган үдэх ёс заншилтай байжээ. Чухам эндээс “битүүлэг”, “битүүлэх ёс”, “битүү хоол” идэх зан дадгаал гарчээ.
“Битүү хоол” гэдэг маань голдуу мах шүүсэн идээ, бууз, банш, хуушуурыг хэлнэ. Битүү хоол идэх заншил нь удам угсаа, нутаг усаараа ялгаатайг хэлэх нь зүйтэй. Тухайлбал, Говь Гурван Сайханы орчим нутгийнхан битүүний орой бууз жигнэхээсээ илүүтэй хуушуур хайрахыг чухалчилдаг. Учир нь шинэ он гарч, өвлийн Лхам буюу Гүнжилхам бурхан морилохоос өмнө гэрийнхээ муу сайныг хиншүү гарган үлдэн хөөж байгаа утгатай юм гэнэ.
Ийм учраас битүүний орой хангирсан одогч хуучин оноо энх түвшин, ёс намба төгөлдөр үдэж, шилжрэн ирэгч шинэ жилээ угтан тосох цагийн бэлчир дээр байгаагийн бэлгэдэл утга мөн. Бүр ойртуулж хэлбэл буцаж буй буурал жилийн отгон өдөр, бууж буй буянт жилийн ууган өдөр улиран солигдохыг бэлгэшээн өнгөрүүлнэ гэсэн үг.
Битүүний орой өдрийнхөө үйл ажлыг шаламгайлан гүйцээж, хонь малаа хотлуулан, гэрийн эзэн идээлэх умдаалахынхаа өмнө сайн зүгийн эздийг урьж, гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу юм уу, цэвэр тунгалаг цас мөс гурвалан тавьж, зүүн тотгон дээрээ муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаан өргөс харгана тавьдаг байна. Үүнийг хожим бас Лхам бурхны хөлөг унаа хонгор халзан луусны уух ус, идэх өвс ч гэж тайлдаг болсон билээ.
Битүүлгийн идээ будаагаа базаан зэхэж, эхлээд гэртээ битүүрнэ. Өтгөс бууралдаа олбог дэвсгэрээ дэвсэн, эртгэр хөлтэй ширээгээ засч дээр нь идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш дэслүүлэн өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ нар зөв эргүүлэгтэй эхэлж аягалан барьдаг.
Аав ээж, ах дүү, охид хөвгүүд, бэргэд дараалан сууцгааж, цөм товч бүчээ бүрэн товчилж, малгайгаа өмсч энэ ёсыг ёсолдог учиртай. Хойморт заларсан буурал хаяатнууд нь намраас нөөцөлсөн халаасан айраг бахдан шимж, “дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тааруулж балга, жар хүрээд жаргаж хүрт” /энд “уу” гэдэг үг алга байгаа/ гэдэг ёс эрэмбийн дагуу тэдэнд ерөөл айлтгаж, архи сархад хүртээдэг ажээ.
-БИТҮҮНИЙ ӨДӨР ЦЭЭРЛЭХ ҮЙЛ-
-Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлчийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Мөн айлд хоновол сүнс төөрнө гэж үздэг. Гэрийн эзэн гэртээ байх нь гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.
-Битүүний өдөр нохой зодохыг цээрлэдэг. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдоно гэдэг. Харин цадтал нь хоолло.
-Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл яр шарханд баригдана.
-Гэр орон харанхуй байх, хувцсаа гадаа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэж, чөтгөр хорлоно хэмээн үздэг.
-Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Энэ нь ирж буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэх учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
-Гэртээ хэрүүл хийх, өндөр дуугаар орилохыг цээрлэдэг. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй.
-МОНГОЛ НААДГАЙ “АЛАГ МЭЛХИЙ”-
Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний өдөр хүүхэд багачууд насанд хүрэгчдийн удирдлагын дор шагайгаар “Алаг мэлхий өрөх” хэмээх тоглоомоор наадан ирсэн сайхан уламжлалтай билээ.
Алаг мэлхий нь 92 шагайнаас бүрдэх бөгөөд хааш хааш зургаа үелсэн бүгд 36 шагайг нуруу хэмээн өрөөд, түүнийхээ дөрвөн үзүүрт тус бүр дөрвөн шагайнаас бүрдэх дөрвөн шилбэнд бүгд 16 шагай, мөн дөрвөн тавхай тус бүр тав, бүгд 20 шагай, дээд талд нь хүзүүнд зургаа, хошуунд гурав, хоёр нүд, хоёр чих, доод талд сүүлний гурван шагайг, бөөрний хоёр, зүрх, давсагны нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө.
Бөөр, зүрх, давсгийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлэн нуруу хэмээн нэрийдэж өрсөн шагайн дээр байрлуулдаг ёстой. Цагаан сарын өдөр тоглоход үүнээс гадна толгой талд улаан будагтай дөрвөн шагайгаар дугуйлан өрж, сүүлийг хар будагтай гурван шагайгаар хийдэг. Мөн зүүн гар талд хөх будагтай таван шагайг нум сумны сүүл хэлбэртэй өрөөд мод гэж нэрлэн, баруун хажуугаас нь тэр сумны үзүүр цухуйсан шинжтэй гурван цагаан өнгийн шагай өрөөд төмөр гэж нэрлэн бас дөрвөн сарвуун дээр нь шороо, огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай тавьдаг.
Ийнхүү цагаан сарын үед нийт 108 шагайгаар тоглодог байна. Шинийн нэгэнд уламжлалт арван хоёр жилийн тоолол ёсоор учран зоолгож буй жилтэй ижил жилтэй хүн буюу жил нь орсон хүн эс олдвол түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаараа шоо хаяг нэг нүх буувал алаг мэлхийн дөрвөн сарвуун дээр тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагайны аль нэгийг, гурван нүх буувал дөрвөн сарвуу хэмээн тавьсан шагайнаас дөрвийг буюу галыг, таван нүх буувал мод хэмээгдсэн шагайг тус тус авч тоглодог ажээ.
Хэрэв шооны нүхний тоонд тохирсон шагайг хүн авчихсан байвал мэлхийний эх бие хэмээн өрсөн шагайнаас аль тохирох тоотойг авна. Жишээлбэл, нэг нүх буувал зүрх буюу давсаг, хоёр нүх буувал нүд, чих, бөөр гурвын аль нэгийг, гурван нүх буувал толгой, дөрвөн нүх буувал дөрвөн шилбэний аль нэгийг, таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэгийг, зургаан буувал хүзүүг буюу зургаан нурууны аль нэгийг тус тус авна.
Хэрэв шооны нүх аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг байна.