Categories
мэдээ эдийн-засаг

Биткойны ханш 50 орчим хувиар унажээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн хамгийн том криптовалют болох Биткойны ханш огцом унаж, арваннэгдүгээр сард хүрч байсан оргил үетэйгээ харьцуулахад бараг 50 хувиар буурчээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард биткоины ханш $68,000 давж байсан бол Бямба гаригт $34,000 хүрээд тогтворжсон байна.

Шинэ он гарсаар ханш нь 20 гаруй хувиар унажээ.

Зах зээлийн хэмжээгээр дэлхийн хоёр дахь том криптовалют гэгддэг этериумын ханш бас сүүлийн 24 цагийн хугацаанд 12 гаруй хувиар унаж, одоо $2,400 орчимд хэлбэлзэж байна.

АНУ-ын Холбооны Нөөцийн Банк цар тахалтай холбоотой хэрэгжүүлж байгаа эдийн засгийг дэмжих арга хэмжээнүүдээ төсөөлж байснаас илүү хурдтай сулруулж магадгүй болсон нь хүмүүсийг криптовалют мэтийн эрсдэлтэй хөрөнгө оруулалтуудаас татгалзахад хүргэсэн юм.

Үүнээс гадна засгийн газрууд крипто зах зээлд зохицуулалт хийхээр төлөвлөж эхэлсэн нь үнэ ханшид нөлөөлсөн байж болзошгүй байна.

Саяхан Оросын төв банк крипто валютын хэрэглээ, олборлолтыг хориглох санал боловсруулж буй тухай мэдээ тарсан нь үнэ ханшийн савлагаанд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Өнгөрсөн онд Хятадын эрх баригчид мөн криптовалютын олборлолт, арилжааг хориглох шийдвэр гаргаж байв. Арваннэгдүгээр сард Энэтхэгийн засгийн газар крипто зах зээлийн орчинд зохицуулалт хийх хуулийн төсөл боловсруулж буй тухай мэдээ тарсан юм.

Гэхдээ бүгд крипто зах зээлийн ирээдүйг муугаар харахгүй байна. Энэ сарын эхээр АНУ-ын томоохон банк Goldman Sachs-аас гаргасан тайланд биткоины ханш ойрын таван жилийн дотор $100,000 давах тухай дурджээ. Учир нь сүүлийн үед биткоин алтны зах зээлийг булааж эхэлсэн нь банкны шинжээчдийг ийм дүгнэлтэд хүргэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *