Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бидний мэддэг “Өвлийн өвөө”

Шинж жилийн шидэт үлгэрүүд зурагтаар гарах сайхан. Хүү маань саяхан болтол яндангаар орж ирж, бэлэг үлдээдэг Сантад итгэдэг байв. Улаан хувцастай, цагаан сахалтай “Хо, хо” гэж инээдэг бүдүүн өвгөнөөр монгол хүүхдүүд өвлийн өвгөнийг төсөөлдөг болжээ. Харин манай үеийнхэн, биднээс өмнөх ах, эгч нар маань ч монгол “Цагаан өвгөн”-д итгэдэг байлаа.

Алс холын тэртээх цас мөстэй хүйтэн орноос өвлийн өвгөн аав улаан залаа, бүчтэй лоовууз духдуулж, цасан цагаан дээл өмсөж, цэнхэр нөмрөг намируулан, ногоон ногттой монгол гутал жийж, цан хүүрэг татуулсаар, цасан охидоо дагуулсаар ирнэ. Цагаан хөмсөг, сахалтай тэр л өвлийн өвгөн бол Г.Гомбосүрэн гуай байлаа. Өвлийн өвгөний зуун насны ойг анд нөхөд, хамт олон, үр хүүхдүүд нь 2018 онд тэмдэглэсэн юм. Хагас зууны туршид өвлийн өвгөн байсан тэрбээр бидний зүрх сэтгэлд энэ л дүрээрээ мөнхөрчээ.

Монголчууд анх 1947 онд “Өвлийн өвгөн”-тэй танилцжээ. Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн гуай гэргий Ц.Сэржхандтайгаа “Отелло”-д тоглох үеэрээ танилцаж, дурлан гэр бүл болсон гэдэг. Тэд долоон тэрсхэн охины эцэг, эх юм.

УГЗ найруулагч, урлаг судлалын ухааны доктор Н.Ганхуяг “Г.Гомбосүрэн багш ярихдаа өөрт нь оноож хуваарилсан дүр байхгүй. Би хэзээ нэг цагт тоглоно гээд тэр бүх дүрүүдийг өөрөө бэлтгэчихсэн. Бараг арван жил цалингүй явсан даа гэдэг байсан. 1950-иад онд Отеллод тоглох нөхцөлөө 1940-өөд онд бүрдүүлж байж” хэмээн “Гэгээн үдэш” нэвтрүүлэгт орохдоо ярьж байв.

Олны танил хүмүүс, алдартай жүжигчдийн дурсаж буй тэр эрхэм хүнтэй уулзаж ярилцах завшаан надад ч олдсон юм.

Шинэхэн сурвалжлагч байхдаа Г.Гомбосүрэн гуайгаас ярилцлага авахаар Гал командыг зорьж билээ. Гал түймэртэй тэмцэх байгууллагад Г.Гомбосүрэн гуай жолооч байсан, хожим тэтгэвэртээ гарсан хойноо ч тус байгууллагын дэргэдэх “Есөн эрдэнэ” бага театрт ажиллаж байсан юм билээ.

Бараг үсгүй шахам хэрнээ сам гаргаж ирж, толгойгоо самнаж байсан нь их л содон харагдаж билээ. Тэрбээр “Арвайхээрийн талд” жүжгийн Халзан Тавхайн дүрд тоглож байсан. “Халзан Тавхайн толгой дээр халимаг яагаад ургадаггүй юм бэ” гэж биднийг багад хүүхдүүд халзан толгойтой нэгнээ шоолдог байсан. Бодвол энэ Халзан Тавхайн дүрээс үүдэлтэй ч байж мэднэ. Туршлагагүй сурвалжлагч байж дээ. Алдартай жүжигчний насыг нь андуурч “Та 90-тэй билүү” гээд “аваад хаясан” чинь “Үгүй үгүй, дахиад 10 жил зүггүйтнэ” гэсэн нь санаанд үлджээ. Өвгөн “Лир ван” жүжгийн Лир ванд тоглож байх үеийнхээ зургийн ард гарын үсгээ зурж, дурсгаж билээ.

Г.Гомбосүрэн гуай хэвлэлийнхэнд нээлттэй хүн байсан ч тухайн үеийн сонин хэвлэл цахимд хадгалагдаж үлдээгүй болохоор энэхүү агуу жүжигчний ярицлага хайлтаар гарч ирсэнгүй. Харин “Өвлийн өвгөн”-ий “цасан охин”-той хийсэн ярилцлага маань олдлоо. Г.Гомбосүрэн гуайн охин Энхтуяа 2014 онд ийнхүү ярьж байлаа.

-Шинэ жил хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баяр. Аав маань өвлийн өвгөн болдог. Харшийн ёолкийг хоног цаг тоолон хүлээдэг байлаа. Харшийн ёолк гэдэг хамгийн дээд зэргийн баяр байлаа. Бэлэг нь их гоё. Бид аавын долоон охин. Шинэ жил дөхөөд ирэхээр манай аав байгууллагуудын шинэ жилд оролцоно. Он солигдох мөчид аав байхаасаа байхгүй нь их. Гэхдээ л гэр бүлийн хүрээнд сайхан тэмдэглэнэ. Ээж бүх юмаа бэлтгэнэ. Өвлийн өвгөний хүүхдүүд гээд бидэнд Харшийн ёолкны бэлэг байнга өгдөг. Бэлгээ авсан хүүхдүүд хөөрчихсөн гоё байна. Он солигдох мөчид аав заримдаа гэртээ байдаг. Аавтайгаа байхаар бүр гоё. Гэхдээ тэр нь ховорхон. Бид аав байхгүй байна гээд сэтгэл дундуур байдаггүй. Он гарахаар аав ирээд, дахиад л шинэ оноо тэмдэглэнэ.

Аав нас өндөр, ная гарсан хүн гэхэд залуу байхдаа яаж өвлийн өвгөн болдог байсан яг л тэр эрч хүчээрээ явдаг байсан. Ачаалал нь ихдээд ирэхээр настай хүн ядарна. Хичнээн өөрт нь сонирхолтой байсан ч улсын бодлого гэдэг утгаараа татгалзаж, гуниглангуй үе байсан. Хамгийн сүүлчийн удаа Харшийн ёолкны өвгөн болох тэр мөч нь л мартагддаггүй. Аав их л баярласан байж билээ. “Аав нь энэ жилдээ болоод, дараа жилээс чадахгүй байх аа. Хувцас хунараа бэлтгэмээр байна” гээд маш сэтгэл нь хөдөлсөн, 85-86-тай үе нь санаанд үлджээ. Надаас дээш үеийн олон хүүхэд манай ааваас бэлэг авч байсан дурсамж ярьдаг. Г.Гомбосүрэн гуайгаар өвлийн өвгөнийг төсөөлдөг гэдэг. Одоогийн өвлийн өвгөн Б.Жаргалсайхан манай ээжид ирж, ёсолж, хүндэтгэж “Багшийн хувцсыг авч өвлийн өвгөн болмоор байна” гэсэн юм билээ. Ээж дараа дараагийн хүмүүс хэрэглэг гэсэн. Өвлийн өвгөн болж байгаа хүмүүс өмсөөд явна гэдэг миний аавын хүсэл мөрөөдөл биелж байгаа хэрэг. Аав өвлийн өвгөний хувцсаа их нандигнаж хадгалдаг, нямбай хүн байсан” хэмээн дурсаж билээ.

Албан ёсны “Өвлийн өвөө”-гөөс гадна сумын, бас сургуулийн “Өвлийн өвөө” ч байсан. Өвлийн өвгөний үг ч санаанд байна.

“Цал буурал өвгөн аав нь

Цас мөсний орноос

Цан хүүрэг татуулан

Цасан охидоо дагуулан ирлээ” гэдэг сэн. Багадаа “Өвлийн өвөө” онц сурсан хүүхдэд бэлэг өгдөг, муу сурсан хүүхдүүдийг алиалагч дуранддаг гэж итгэдэг байв. Өвлийн өвөөгөөс бэлэг авахыг хүүхэд бүр хүсдэг байж дээ. Тэр бэлгэнд нь “яавлаг”, мандарин багтдаг. Үнэр нь одоо ч ханхийх шиг санагдана. Тэр үеийн алим онцгой амттай байсан юм болов уу, эсвэл хүүхэд насанд идсэн бүхэн амттай санагддаг юм болов уу, бүү мэд.

Бага ангид байхдаа би сургуулийн бас сумын шинэ жилийн үдэшлэгт шүлэг уншиж билээ. Бага ангийн багш Г.Мөнгөнхуяг маань надад их итгэл хүлээлгэдэг, ангийн “Уран уншигч” гэж цол хүртэл олгосон удаатай. Тэгээд л сумын шинэ жилээр хүртэл шүлэг уншсан хэрэг. Томчуудын ёлканд “Хахир өвлийн жавар дундуур Халуун ажлын жавхаа дундуур, сүлд модтойгоо шинэ жил ирлээ” гээд уншиж байлаа. Дараа нь бүжиг болж, сумын хоршооны нягтлан бодогч аав маань, Г.Мөнгөнхуяг багштай бүжиглэж байгаа нь харагдсан. Бага ангийн багш маань нуруулаг, гоё эмэгтэй байв. Аав түүнээс намхан хэрнээ санаа зовсон шинжгүй бүжиглэж, багш байдгаараа инээчихсэн эргэлдэж байж билээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *