Categories
мэдээ цаг-үе

“Бидний хаяг Дундговийн 10 жил”


2015 он. 50 жилийн ойн уулзалтаар “Чандмань тур” амралтын баазад.

Өдгөө дал гарсан ахмадууд цуглахаараа нөгөө л жар гаран жилийн өмнөх дэлдгэр шар хөвгүүд, улаан хацартай охид байснаараа нэгнийнээ харж, хар цагаан бодол гээч юмгүйгээр хочоор нь дуудан хөхрөлдөж тэртээх сайхан үеэ дурсах. Сурагч ахуй цаг, арван жилийн дурсамж гэдэг юутай сайхан. Манай энэ удаагийн зочин анги бол Дундговь аймгийн арван жилийн сургуулийн 1965 оны төгсөлтийнхөн. Анх хоёр бүлэг төгсөж байсан 57 “сурагчид” өнөө жил төгсөлтийнхөө 55 жилийн ойг тэмдэглэхээр догдлон хүлээж байна.

Тэртээ 55 жилийн өмнө Дундговийн арван жилийн сургуулийг Д.Цэрэнсодном, Н.Дариймаа, Д.Цэрэннадмид, М.Бадамханд, Т.Дуламсүрэн, П.Өлзийдэлгэр, Ц.Найдан, Ц.Бальдирмаа, Г.Раднаа, Г.Бямбаа, О.Дагвадорж, Ж.Очир, Б.Ширчин, Пэлжид, П.Нэргүй, У.Бүдханд, Ж.Дэмбэрэл, Л.Магнайбаяр, С.Адъяа, Дэмбэрэлням, Х.Батмөнх, Ж.Адъяа, Д.Шаравсамба, Дамбадаржаа, Гөрөөчин, Ц.Зулзага, Г.Аюурзана, Д.Чойжилжав, М.Бадамханд, Л.Жамьяандамба, Г.Хүүхэнхүү, Доржсүрэн, Нямгүр, Сэрээтэр, Цагаан-Өвгөн, Энэбиш, Өлзийдэлгэр, Балданцэрэн, Лопилмаа, Гарамханд, Бадамцоо, Цэндбаатар, Л.Гонгор, П.Чойжамц, А.Аганов, Батцэнгэл, Балган, Гончигдорж, Даваажав, Ичинхорлоо, Лхамсүрэн, Мөнхдорж, Цэгмэд, Цэндсүрэн, Бяруузана нар төгсөж байжээ. Анги удирдсан багш нар гэвэл Чунт, Бямбаа нар байв.

Сургуулийнхаа дотуур байранд эдний төгсөлтөөс нэлээд хүүхдүүд амьдардаг. Охид нь нийлээд хичээлийнхээ зав чөлөөгөөр орны “гүржваа”, утсан нэхмэл ор, чемоданы гоёл нэхэж, дэрний уут хатгах зэргээр бие биеэсээ суралцан уйдах завгүй цагийг өнгөрөөдөг байснаа дурсацгаана. Яг л тэр үеийн дотуур байрны хүүхдүүдийн амьдрал даа. Сургуулийн хөгжмийн багш Н.Янгиг бол дуу хөгжимд сонирхолтой хүүхдүүдийн хувьд том хүндлэл болж үлджээ. Н.Янгиг багш сургуульд хөгжмийн дугуйлан хичээллүүлж, эдний төгсөлтөөс мандалин хөгжмийн чуулга тоглодог байж. Дэмбэрэл баян хуур, Доржсүрэн кларнет хөгжмөөр “Хунт нуур” бүжгэн жүжгийн гоцлол аяыг тоглодог байж. Аймгийн сурагчид дэлхийн сонгодгийг тоглоно гэдэг юутай бахархам. Мандалин, шанз, ёочин зэрэг төрөл бүрийн хөгжмийн найрлыг ч тэд тоглож байжээ.

Арван жилийн сургууль гэдэг тэр чигээрээ дурсамж дүүрэн он жилүүд байдаг. Аймгийн төвийн хэд, хэдэн газрын Улаан буланд амралтын өдрөөр нийтийн бүжиг болно. Тэнд охид нь багш нараас нуугдаж бүжигт орох гэж бөөн юм болдог бол хөвгүүд бүжиглэхээс илүү Барилга ангийн залуустай зодоон хийх шалтаг хайж тэрүүхэндээ том толгойлцгоодог байсан дурсамж зочин ангийнхны маань уулзалт бүрээр хөндөгддөг гоё сэдэв.

1985 он. 20 жилийн ойн уулзалтаар Мандалговьд

Сурагч нас гэдэг анхны хайр, үерхлийн талаар дурсахгүй өнгөрч болохгүй. Тэр үеийн хайрын захиа “Уулын цэцэг олон боловч, улаан цэцэг ховор…” гээд л эхэлдэг байсныг ангийнхан дурсаж байна. Тэр дунд олон ч хөгжилтэй, гунигтай явдал болсны нэг нь ангийн анд Л.Гонгор, О.Дагвадорж хоёр нэг охинд яг адилхан үгтэй захидал өгч, өвсөр насны хөвгүүд тэрүүхэндээ их л ичицгээж байжээ. Одоо бодоход цагаахан, гэгээхэн дурсамж хүн бүрийн сэтгэлийн гүнд хадгалаастай. Энэ тухай Дундговийн 1965 оны төгсөлтийнхний дундаас төрсөн Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Н.Дариймаа “Арван жилийн үерхэл бол их цагаан нөхөрлөл юм. Ямар ч атаа жөтөө гэж байдаггүй. Цагаанаараа байдаг учраас тэр үеийн нөхөрлөл хүний нэг насны амьдралд үлддэг юм байна” хэмээн эдүгээ дурсаж байна. Тэрээр ангийнхандаа зориулж “Тавин долоон зүрх” хэмээх шүлэг тэрлэсэн нь жил бүрийн уулзалтаар заавал дуудагддаг болсон нь сайхан.

Эднийх хоёр хостой. Д.Цэрэнсодном, Д.Сэрээтэр хоёр ангийн хөвгүүд Ж.Адъяа, Д.Лхамсүрэн нартай гэр бүл болжээ. Нэг гэр бүлийн ах дүүс ч бий аж.

Төгсөлтөөс олон янзын мэргэжилтэй хүмүүс төржээ. Дээр нь бахархмаар хоёр гавьяаттай, алдар цуутай олон хүмүүс бий. Тэднээс нэрлэвэл Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Н.Дариймаа, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Г.Хүүхэнхүү, “Зууны мэдээ” сонины тоймч Г.Цэрэннадмид, спортын мастер Ц.Найдан, эрдэмтэн судлаач хурандаа О.Дагвадорж, зоотехникч уяач Очир, багш Өлзийдэлгэр, Бяруузана, Б.Ширчин, Пэлжид, П.Нэргүй, хүний их эмч У.Бүдханд, МУЗН-ийн зөвлөх Д.Цэрэнсодном, хөгжмийн багш Ж.Дэмбэрэл, бизнес, санхүүгийн Л.Магнайбаяр, С.Адъяа, Дэмбэрэлням, Х.Батмөнх нар.

О.Дагвадорж, Ж.Адъяа, Д.Шаравсамбуу, О.Найдан, Дамбадаржаа, Гөрөөчин, Ц.Зулзага нарын цэргийн дарга, хурандаа нар бий. БНАГУ-д хивсний зураач дизайнераар суралцаж ирээд Сүхбаатар жанжны хөргийг хивсэн дээр анх буулгасан хүн бол ангийн анд Д.Чойжилжав аж. Ангийн дарга, МУЗН-ийн зөвлөх Д.Цэрэнсодном “Адуу шиг тачигнасан хамт олон байлаа, манайхан. Анх бид хоёр анги төгссөн. Төгсөлтийн 20 жилийн уулзалтаас хойш хоёр анги гэдэг ойлголт алга болж, нэг ангийнхан л болсон. Жаргал, зовлон бүхий л үед хамт олноороо байж чаддаг ангийнхнаараа маш их бахархдаг. Манай төгсөлтийнхөн их олон онцлогтой. Онцолж ярих нэг зүйл бол манай төгсөлтийн уламжлал болсон уулзалт. Жил бүрийн Сар шинийн баяраар хотынхон хотдоо, хөдөөнийхөн хөдөөдөө заавал золголт хийдэг. Намар нь наймдугаар сарын эхний долоо хоногтоо багтаж ангиараа заавал уулзаж аялал хийдэг” хэмээсэн. Үнэхээр энэ уламжлал төгсөлтийнхний хүсэн хүлээдэг уулзалт болсоор хэдэн арван жилийг үджээ. Хүний амьдралын жам хойно, бурхан болсон нь олон хэдий ч тэдний ар гэр хань ижил, үр хүүхэд нь жил бүрийн уулзалтуудад заавал хүрэлцэн ирдэг нь сайхан санагдана.

Ангийн анд, барилгын инженер Х.Батмөнх “Бидний үеийнхэн хүний мөс чанараар үнэхээр өөр. Би долдугаар ангиа төгсөөд өөр газарт шилжсэн ч ангийнхан маань надтай үргэлж хамт байсан. Олон газар янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүстэй ажиллаж үзлээ. Хамт олон гэдэг сайхан ч хэлэх үгээ бодож байж л дуугарна. Харин ангийнхантайгаа уулзахаар Батмөнх гэдэг хүн яг л байгаагаараа байх нь нэн сайхан” хэмээн хуучилж байна. Олон ч хүний сэтгэлд яг л ийм байр суурь, сэтгэгдэл бий.

Сургуулиа төгсөөд 55 жилийг үдэж байгаа ахмадууд гэхэд уулзахаараа хүүхдүүд шиг л хөөрөлдөн насаа мартан дурсамжаа сэргээдэг зочин ангийнхны маань бас нэгэн онцлог аж. Ямар сайндаа уулзалтаараа аяллаар явж байхад нь хөндлөнгийн хүмүүс “Хэдэн өвөө, эмээ нар ирж байх шиг байсан. Хүүхдүүд байсан шив дээ” гэцгээх вэ дээ. Тэд тийм л хамт олон болтлоо нэгэндээ дасацгаасан хэрэг биз ээ. Тавин таван жилийн түүх гэдэг нэгэн амьдралын хугацаа, арвин баялаг намтар. Ийм хугацааны 57 хүний дурсамж, сэтгэгдэл гэдэг энэ талбайд бичээд ханахгүй их зүйл бий. Үнэхээр тэд “Бидний хаяг Дундговийн 10 жил” болтлоо анги хамт олноороо нэгдэж, нэгэн насаараа нэгэн цул болтлоо явцгаажээ.

Нэгэн ангийн ахмадууддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж, төгсөлтийн 55 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *