1998 оны налгар намрын нэгэн өдөр аавынхаа алаг морийг унан, ахыгаа даган Хөвсгөл аймгийн Хатгал сумын 10-н жилийн сургуулийг зорин шогшуулж явлаа. Шинэ сургуулийн тавдугаар ангид орохоор зорьж яваа нь тэр билээ. Хир суугаагүй цайлган бодолдоо элдвийг эргэцүүлэн явсан минь саяхан мэт санагдана. “Сургууль маань ямар бол, таних нэг ч хүүхэдгүй яана даа” гэж бодож явсан сан…
Хичээл ч эхэллээ. Би нэлээд бишүүрхэн ангийнхнаасаа дөлөн зогсож байтал ангийн маань Ч.Бямбасүрэн “Хөөе охион нааш ир, танилцъя” хэмээн дуудаж, анх нүүр хагарч, ангийнхантай танилцан, яриа өрнүүлж байлаа. Ингэж л би насан туршдаа нэгнээ гэх халуун сэтгэлтэй, элгэмсүү, дотно найзуудтайгаа учирсан юм даа.
Бид дэндүү эрч хүчтэй, үнэхээр л өрөмний өт шиг л нөхдүүд байсан юм. Зургаан жил хамт суралцана гэдэг чинь олон сайхан дурсамжийг хамтдаа урлаж, хожим хаана ч явсан сэтгэл тэжээж, хөглөж байдаг бололтой. Манай Бороо гэхээс эхлээд, нээрэн Баатар нэг удаа, ингэхэд Зулаад хэн хэн захиа өгч байсан юм бэ? гээд л бидний яриа хөвөрч өгнө шүү дээ.
Ангиараа онц сурдаг байсан гэж худлаа хэлэхгүй ээ. Гэхдээ л бид их авьяастай хүүхдүүд байжээ. Сургуулийн урлагийн үзлэгт их хичээл зүтгэл, цаг зав гарган бэлддэг байв. Нэг удаа Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгээр дүрийн тоглолт бэлдээд шүүгч, үзэгч хүүхдүүдэд үзүүлэх болов оо. “Толгой өвдөөд салхинд зогссон билээ авгай минь” гэх гээд “Авгай өвдөөд салхинд зогссон билээ толгой минь” гэж хэлээд хөглөж байсан ч амжилттай л даваад гарсан даа.
Б.Баттөгс, Ч.Баярмаа, Ө.Хулан, С.Гэрэлцэцэг, В.Энхбаатар, Ч.Түмэн-Өлзий, Б.Борбаатар, Ц.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй манай ангийн “Цагаан сарнай” бүжгийн хамтлаг их алдартай байсан шүү. Олон ч тоглолтонд орсон доо.
Хаврын улсын шалгалтын өмнөх өдөр Бямбасүрэн, Энхжаргал, Бямбахишиг гурав Цахир толгой гарч, хичээлэээ уншаад овоонд мөргөөд бууж байж билээ. Бодвол шалгалтаа онц өгмөөр байна гэж л мөргөө байлгүй гэж дурсан ярьсныг саяхан сонсож билээ. Бид ийм л нандин, хэзээ ч мартагдахгүй олон мянган дурсамжтай улс.
Ангийнхан маань дунд ангийн анги удирдсан багш нараа үргэлж л дурсан санаж, тэднийхээ ач буяныг санаж, үг сургаал, үлгэр дуурайллыг нь одоо хүртэл санасаар явдаг нь тэдний минь чин сэтгэлийн илэрхийлэл юм болов уу даа. 5, 6-р ангид Наранцогтын Дашцэрмаа багш манай ангийг дааж байсан төдийгүй бидэнд математикийн хичээл заадаг байв. Давхраатай алаг нүдтэй, яггүй зарчимч багш минь биднийг дандаа хурцалж, бие даан суралцах, хэнээс ч дутахгүй чармайж байж аливаа амжилт ирдэг гэдгийг сургаж байсан байжээ. Ёстой л “Хайр нь дотроо, хал нь гадна аа” гэдэг үг таармаар тийм л мундаг багш байсан даа. Багш маань Хөвсгөл аймгийн төвийн сургууль руу шилжин бид шинэ анги даасан багштай болов оо. Манай сургуулийн орос хэлний багш, ёстой л бүх сэтгэл зүрх, хамаг амьдрал, залуу насаа түмний хүүхдийн сайн сайхны төлөө харамгүй зориулсан Намдагийн Бадамгарав хэмээх эгэл энгийн, эрхэмсэг даруу багшийн шавь болсон нь манай ангийнхны хувьд зөвхөн орос хэл сурах биш амьдралын ухаан, чин үнэн, энэрэнгүй хүнлэг сэтгэл, хүн байхын утга учрыг танихад том олз болж ээ.
Хүн бүр л өөрт нь хамгийн их зав, сэтгэл гаргаж чадаж байгаа хүнийг дуурайж, түүний үг үйлдэл бүрийг дуурайдаг бололтой. Манай анги гэж ярих бүрт Н.Бадамгарав багшийгаа дурсахгүй байхын аргагүй мэт санагддаг.
Ангиа цэвэрлэхээс эхлээд сургуулийн хашаанд хүнсний ногоо, мод тарих, ангийн зугаалганд явах гээд л алхам бүрт л амьдралын ухаан, хүний хоорондын элэгсэг сайхан харилцааг заан сургасаар л байсныг хожим л ойлгодог юм байна.
Охид хөвгүүд гэлтгүй л сахилгагүй зан гаргаж, багшийгаа мөн ч их зовоож байж дээ гээд л бид нар одоо уулзахаараа ярьцгаадаг юм. Миний ч мэдэхгүй олон зүйл өрнөж байсан нь хачин шүү. Орос хэлний сонгонд орохгүй гээд ангийн ард байрладаг ханын шүүгээнд хөвгүүд нуугдан, зарим охид маань коридорын харанхуй хонгилд нуугдаж байсан гээд Та бод доо. Аав ээжийнхээ өөдөөс үг сөрөх, хүүхдүүтэй муудалцан зүггүйтэх, бүтэлгүй дурлан уйтгарлах, нийлж хичээлээ таслах бүрт багш минь л бидний төлөө гүйж явдаг. Тэр бүхнийг хүүхдүүд биднийхээ л ирээдүй, сайн сайхны төлөө гэдгийг нь ухаарахгүй бид гэнэн, тэнэг байж дээ.
Биднийг ажил амьдралтайгаа золгосны дараа багшийн минь хань хүндээр өвдөн Улаанбаатар хотод эмчлүүлэхээр ирсэн байхад нь манай ангийнхан уулзаж, өчүүхэн ч гэсэн сэтгэлийн дэм үзүүлсэн өдрийг би одоо болтол санадаг. Тэр өдөр багшийгаа их өрөвдөж билээ. Тийм ээ, миний багшийн ханиа эдгээх гэсэн чин итгэл нүдэнд нь тодрон байгааг хараад тэр хүний уужим их тэвчээр, сэтгэлийн тэнхээг бахдаж билээ. Ийм ч учраас тэр хоёр минь хамтдаа өтлөн, бидэндээ үг сургаалиа хайрласаар байгаа юм.
2015 онд сургуулиа төгссөний 10 жилийн ой болж бид бүгд биш ч ихэнх нь бага ангийн багш Б.Оюунцэцэг болон Н.Бадамгарав багш нартайгаа уулзан, хүндэтгэл үзүүлэхэд хоёр багш минь бидий ажил амьдралыг ихэд сонирхон, халуун дулаан, өнөө л дурсамж дүүрэн яриа өрнүүлэн бидний мартсаныг сануулж, мөн л их ухаарал өгсөн дөө. Бидний олон жилийн өмнө бүтээж, урлаж байсан ханын сонинг хүртэл нандигнан хадгалж байдаг нь үнэхээр сайхан санагдсан шүү.
Хатгалын 10 жилийн сургууль, энэ эрхэм хүмүүс үгүйсэн бол бид хэн байхсан билээ гэж бодохоор тэднээрээ бахархахгүй байхын аргагүй. Ясны багш хүн гэж тэднийг минь л хэлэх байх даа. Мөн багш минь туйлын хөдөлмөр ч хүн дээ. Биднийг очих сургаар хэдий сумын төвд амьдардаг ч өтгөн сайхан сүүтэй цайгаа чанаж, шинэхэн өрөм таваглан, элгэн тараг бүрчихсэн ёстой л халгиж, цалгиж байсан даа. Багш минь биднийг харж баярлаад л… Хөл нь газар хүрэхгүй баярлана гэж монголчууд ярьдаг даа.
Ийм ч учраас бид багштайгаа ойр ойрхон л уулзаж байх юм шүү гэж ярьцгаалаа бид. Бид 2003 онд хорин гуравуулаа 10-р ангиа дурсамж, дурдатгал, инээд хөөр дүүрэн, хөнгөн гунигтай төгсөж байсан нь саяхан мэт санагдавч аль хэдийн 15-н жил улиран оджээ. Энэ хугацаанд жил бүр л уулзан, сайн сайхан дурсамжаа дэлгэн, халуун дулаан яриа хөөрөө өрнүүлж, тус дэм хэрэгтэй нэгэндээ туслан, бүгдийнх нь л баяр болоод гунигийг хуваалцан үргэлж холбоотой байдаг нь Н.Бадамгарав багшийн минь л сайн хүмүүжүүлсний нөлөө юм.
Манай ангийнхан нийгмийн бүхий л салбарт амжилттай ажиллан, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөн, багш нарынхаа итгэлийг дааж, амьдралын төлөө зүтгэж, утга учиртайхан амьдарцгааж байна. Шуугилдаж уулзаад хоргодож буцдаг миний ангийнхныг далай ээжийн цэнхэр мандал өнөд ивээж, тэдний минь амьдрал тэгш дүүрэн байх болтугай.
Дурсамж бичсэн: П.ОТГОНБАЯР /”Хобби” сургуулийн багш/