Бичил уурхайчид нөхөн сэргээлт хийж, мод тарих аян зохион байгуулдаг болжээ.
“Бичил уурхайг албажуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх нь” сэдэвт баруун бүсийн зөвлөгөөн энэ сарын 16-17-ны өдрүүдэд Ховд аймагт боллоо. Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөнд баруун таван аймгийн 160 гаруй төлөөлөгч оролцсон юм. Аймаг, сумдын Засаг дарга нар, байгаль орчин хариуцсан мэргэжилтнүүд голдуу ирсэн байлаа. Бичил уурхайг хууль, журмын хүрээнд зохион байгуулалтад оруулж, албажуулснаар бичил уурхайн салбарын орон нутгийн болон Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмэр, ач холбогдлыг дээшлүүлэх боломжийн талаар оролцогч талуудыг мэдээллээр хангах, хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд энэ удаагийн зөвлөгөөний зорилго оршиж байгааг зохион байгуулагчид нь дурдаж байлаа.
Ховд аймгийн хувьд гар аргаар алт олборлогч иргэд, малчдын тоо сүүлийн жилүүдэд өсч байгаа юм байна. Түүнийг дагаад байгаль орчинг сүйтгэх, иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох, хувиараа алт олборлож байсан иргэд тусгай хамгаалалттай газар нутаг руу халддаг хууль бус үйлдлүүд гарч байгааг Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх зөвлөгөөний нээлтийн үеэр хэлэв. Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн ахлах эксперт Т.Энхцэцэг Швейцарийн хөгжлийн агентлаг Монголд хэрхэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн талаарх түүхийг сонирхуулсан юм. Уг агентлаг нь 2000 оны үеэс ган, зудад нэрвэгдсэн малчдад туслах, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж хүмүүнлэгийн чиглэлээр ажиллаж эхэлсэн юм байна. Ерөнхийдөө хүнсний аюулгүй байдал, мэргэжилтэй боловсон хүчин, иргэдийн оролцоотой сайн засаглал, бичил уурхай гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг аж. Монголд албан бусаар 100 гаруй мянган “нинжа” буюу бичил уурхай эрхлэгчид байдаг гэсэн тоо бий. Тэдний 60 гаруй мянга нь Тогтвортой бичил уурхай төслийн үр шимийг хүртэж байгаа аж. Тэдний 10 хувь нь буюу зургаан мянга нь л хууль ёсны дагуу ажилладаг юм байна. Энэ төслийн хүрээнд бичил уурхайд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулахад дэмжлэг үзүүлэх, бичил уурхайн олон улсын мэдлэгийн төв байгуулахад анхаарч ажиллаж байна.
Нэгэн үе “нинжа” гэж хоч өгсөн нийгмийн бүлэг хэсгийг олон нийтээрээ буруушааж хууль бус этгээдүүд гэж нүд үзүүрлэдэг байсан. Харин тэднийг хуулийн хүрээнд зохион байгуулаад стандартын дагуу ажиллуулж, хүний эрхийг хангуулах тал дээр анхаарал хандуулаад эхэлтэл өмнөх байдал ор мөргүй алга болж байгаа юм байна. Энэ салбарт олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр төрөөс бичил уурхайчдад үзүүлэх үйлчилгээ сайжирч, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдах болжээ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцөл сайжирч, осол аваарын тоо буурсан бөгөөд эрдэнэсийн санд тушаасан алтны хэмжээ ч нэмэгджээ. Мөн бичил уурхайчид уул уурхайн компаниудтай ч сайн харилцаатай болж, хамтран ажилладаг болсон гэх сайн мэдээнүүдийг энэ үеэр илтгэгчид дурдаж байв.
Бичил уурхайчид 2013 онд Монголбанкинд 3.2 тонн алт тушааж байсан бол 2015 онд 5.9 тонныг тушаажээ. Ашигт малтмал ашигласны төлбөрт өнгөрсөн онд 10.1 тэрбум төгрөг өгчээ. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бичил уурхайчдын тоо 2013 онд 3500 байсан бол өнгөрсөн онд 15.4 мянга болж нэмэгдсэн байна. Энэ бүхнээс харахад манай улсад бичил уурхай зөв зам руу орж байгаа гэж харж болно.
Баруун аймгуудад бичил уурхай төдийлөн хөгжөөгүй учир энэ удаагийн зөвлөгөөнийг ерөнхийд нь дүгнэвэл “Хэрвээ танай аймагт бичил уурхай бий болбол ийм ийм зүйлүүд дээрээ анхаараарай. Тийм тийм хууль тогтоомж байдаг. Анхнаас нь ийм байдлаар аваад явчихвал зүйтэй шүү” гэсэн зөвлөгөө өгч, туршлагаасаа ярьсан арга хэмжээ болсон. Баруун аймгууд, тэрэн дундаа Баян-Өлгий аймгаас ирсэн төлөөлөгчдийн хувьд энэ тухай зөвлөгөө, туршлага сонссон нь бичил уурхайн “Цагаан толгой”-н ном уншсан хэмжээний анхан шатны мэдлэг өгсөн хэрэг байлаа. Учир нь тус аймагт нинжа гэх ойлголт бараг үгүй. Тийм ч болохоор илтгэгчдийн тавьсан мэдээ мэдээллийг төлөөлөгчид нь нэгд нэгэнгүй тэмдэглэн авч байгаагаас нь харж болохоор байв.
Бичил уурхайчдын хувьд энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 9.7 тонн алтыг Монголбанкинд тушаагаад байгаа нь хямралын үед улсынхаа санд хөмрөгийг баяжуулахад эерэг нөлөө үзүүлж байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа. Үүнээс үүдээд аймгуудад алт худалдан авах “Нэг цонх”-ны үйлчилгээ бий болгох шаардлага тулгарч байгаа аж. Бичил уурхайчдын хувьд хөлс хүчээ зориулан байж гаргаж ирсэн алт, ашигт малтмалаа зах зээл дээр хэдэн төгрөгийн үнэ ханштай байгааг төдийлөн мэддэггүй бөгөөд сум, суурин газарт тэднийг хүлээж байдаг ченжүүдийн хэлсэн үнээр борлуулчихдаг юм байна. Хэрвээ аймаг, сумдад алт хүлээн авах албаны газар байвал бичил уурхайчид өөрийн биеэр очиж тушаах бодолтой байдаг аж. Зарим хүмүүс нинжа гэхээр бичил уурхайнуудын эргэн тойронд том жийп машинтай, хуруу гараараа дүүрэн алтан бөгж зүүсэн, баахан хамгаалагч дагуулсан алтны ченжүүдээр төсөөлөөд байдаг. Тэд бол бичил уурхайчид биш шүү гэдгийг энэ үеэр бичил уурхай эрхлэгч иргэд хэлж байлаа. Энд тэнд архины шил хөглөрч, хог овоорсон, ухсан нүхээр дүүрэн газруудад нинжанууд байдаг гэдэг ойлголт хэдийнэ алга болсон гэнэ. Тэднийг одоо нинжа гэх нэрнээсээ салж нөхөн сэргээлт хийдэг өөрсдийн гэсэн арга аргачлалтай болж, байгальтай харьцах хандлага нь өөрчлөгдсөн эко хүмүүс болсон гэж байлаа.
Бичил уурхайчид олсон алтаа өдөр өдөрт нь ч юм уу байнгын давтамжтайгаар газар дээр нь борлуулаад олсон мөнгөөрөө хоол хүнс, ахуйн хэрэглээ, машин теникийнхээ тос, шатахууныг ойролцоохь сум, тосгон, суурин газраас худалдан авдаг. Тэдний энэ мөнгөөр шууд гүйлгээ хийдэг энэ үйлдэл нь эдийн засагт шууд эерэг нөлөө үзүүлнэ. Алтны уурхайтай, алтны илэрцтэй ойролцоо газруудын сум, суурингийн дэлгүүр, хоршоо, цайны газар, шатахуун түгээгүүр, үсчингүүдийг бичил уурхайчид л олсон мөнгөөрөө тэтгэж хөл дээр нь босгож, хөрөнгө оруулалт хийж байгааг зөвлөгөөний үеэр ярьж байлаа. Аливаа нэг суманд алтны том компани олборлолт хийхээр болбол ажилчдынхаа 00-ын цааснаас эхлүүлээд машин техникийн тос тослох материал, шатахуун зэргээ Улаанбаатараас хангалт хийгээд бөөнөөр нь авчихдаг учир тухайн сумын цайны газар, дэлгүүр, шатахуун түгээгүүрийн газарт өчүүхэн ч ашиг орлого оруулдаггүй юм байна. Тийм болохоор иймэрхүү уул уурхай хөгжсөн сум суурин газрын үйлчилгээ эрхлэгчид бичил уурхайг хөгжүүлэх нь орон нутагт нь шууд хөрөнгө оруулалт болж, эдийн засагт нь эерэгээр шингэдэг гэж байлаа.
Зөвлөгөөний үеэр Баянхонгор, Төв аймгийн бичил уурхай эрхлэгчид өөрсдийн сайн туршлагаасаа хуваалцсан юм. Бичил уурхай эрхлэгчид буюу нинжа гэхээр л хүмүүс харь гаригаас хүмүүс ирээд эх нутгийг нь ухаж төнхөөд алтыг нь ухаад архидаж, согтуураад байгаа мэтээр өрөөсгөл төсөөлдөг. Гэтэл бичил уурхайгаар амь зуулгаа арав гаруй жил залгуулж хотод үр хүүхдээ их дээд сургуульд сургаж байгаа хүмүүс олон байдаг аж. Бичил уурхайд гэр бүлээрээ ажиллаж байгаа өрхүүдийн дунд оюутангүй айл гэж бараг байдаггүй юм байна. Бичил уурхай эрхлэгч иргэдийн дундаж нас 46 гэсэн судалгаа гарчээ. Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хувьд 50 хувь нь гэрт, 41 хувь нь хашаа, байшинд, долоон хувь нь орон сууцанд, хоёр хувь нь түрээсийн байр саванд амьдардаг юм байна. Ер нь энэ чиглэлээр амьжиргаагаа залгуулдаг иргэдийн дунд овойж оцойтлоо баяжсан хүн байдаггүй аж. Энд тэнд атгын чинээ алт олжээ. Лут баяжжээ. Тэр аймгийн тийм суманд их хэмжээний алт гарч байна гэсэн дам яриа үе үе гарч, хүмүүс хэсэг бүлгээрээ, гэр бүлээрээ тийш нь яваад оччихдог. Гэтэл ингэж баталгаагүй мэдээлэл, сэтгэл хөөрлөөр алтанд явах нь маш олон эрсдэл дагуулдгийг Баянхонгор аймгийн Политекникийн коллежийн захирал Ш.Чимгээ сануулж байлаа.
Үргэлжлэл бий.