Categories
мэдээ цаг-үе

Би Ч.Лодойдамба гуайн ачаар төгөлдөр хуурч болсон

С.Гончигсумлаан нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийг өнгөрсөн долдугаар сараас Хөгжим бүжгийн консерватор хэмээн нэрлэх болж их сургуулийн түвшинд сургалт явуулах болсон. Манай улсад соёл урлаг ялангуяа сонгодог урлагийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн тус сургууль нь анх 1937 онд Уран сайхны сургууль нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Ирэх арваннэгдүгээр сард байгуулагдсаныхаа 80 жилийн ойгоо тэмдэглэхээр багш, сурагчид нь ихэд ажилтай байгаа гэнэ. Сонгодог хөгжимтэй амьдралаа холбож, анх зургаан настайдаа энэ сургуулийн босгыг давж сурагчийн ширээний ард сууснаасаа хойш өнөөдөр хүртэл тэндээ ажилласаар байгаа багш нар олон. Тэдний нэг болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой, Соёлын бөгөөд Боловсролын тэргүүний ажилтан, төгөлдөр хуурч Г.Занаагийнд өнжлөө. Тэрээр “Хөгжмийн цагаан толгой” сурах бичгийг 2000 од зохиосон. Энэ нь төгөлдөр хуурын анхны сурах бичиг.

Энэ сургуулийн тухай ярихад яагаад ч юм сэтгэлд ихэд дотно байдаг. Бүр багаасаа л сурагчид нь чадварлагаар төгөлдөр хуур, хийл тоглохыг сонсох болгондоо биширч, бүжгийн хичээлийн танхимд балетчин болох охид, хөвгүүдийг дасгалаа хийж байгааг өдөржингөө харж суухад их л гоё санагддаг байлаа. Тиймээс Г.Занаа багштай ярилцаж суухад сэтгэлд ихэд ойрхон санагдаж билээ.

УРЛАГТ АРЫН ХААЛГА ГЭЖ БАЙДАГГҮЙ

Монголд сонгодог урлагийг хөгжүүлэх ажил ид өрнөж байсан 1957 он. Хөгжим бүжгийн дунд сургууль байгуулагдаж урлагийн авьяастай хүүхүүдийг хайж олоод сургадаг байжээ. Нийслэлийн 11-р цэцэрлэгийнхнийг шалгахаар очиход зургаан настай Г.Занаа охин Баянхонгороос дөнгөж ирчихээд хүмүүжиж байсан гэнэ. Нэлээд шалгасны эцэст охиныг төгөлдөр хуурын ангид авахаар болжээ. Ингэж л долоон нас хүрээгүй байхдаа урлагийн ертөнцөд хөл тавьж Зөвлөлтийн мэргэжилтэн С.А.Ипатов багшаар мэргэжлийнхээ анхны хичээлийг заалгаж, жирийн нэгэн айлын хүүхэд урлагийн хүн болсон. Урлагт арын хаалга гэж байдаггүй гэдэг. Тиймээс ч тус сургууль хүүхдүүдийг ихэд нарийн шалгаж авдаг журамтай. Орох хүсэлтэй хүүхдүүд одоо ч олон байдаг боловч тэр болгон тэнцдэггүй. Хүүхэд нь тэнцэхгүй байна гэхээр зарим эцэг эхчүүд ихэд гомдолдог талаар Г.Занаа багш ярьж байлаа. Хичээлийн хөтөлбөр нь хүнд, үнэхээр байгалиас заяасан авьяастай байх нь чухал.

1961 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн гурван давхар шар байшин баригдаж ашиглалтанд орсон. Тэр үед “Мандах ахлагчтай социалист хөдөлмөрийн бригад Хөгжим бүжгийн дунд сургуулийн байшинг барьж байна” гээд л радиогоор ярьдаг байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм хэмээн Г.Занаа багш ярив.

Ч.ЛОДОЙДАМБА ГУАЙН ӨГСӨН “КРАСНЫЙ ОКТЯБРЬ” ТӨГӨЛДӨР ХУУР

Хөгжимчин тэр дундаа сонгодог хөгжмийн ангид суралцдаг хүүхдүүд нэлээд ачаалалтай байдаг. Ерөнхий эрдэм, хажуугаар нь мэргэжлийн хичээлдээ явна. Хөгжмөө өдөрт хамгийн багаар бодоход дөрвөн цаг давтах ёстой. Зөвхөн авьяастай байх нь хангалтгүй. Хичээнгүйлэн давтаж, хөдөлмөрлөхгүй бол авьяас хөгжихгүй. Тиймээс л багаасаа бараг л өдөржингөө төгөлдөр хуураа давтдаг байснаа ярив. Гэрт нь хөгжим байхгүй, жирийн л нэг айл болохоор авах боломжгүй. Ингээд л сургуульд орсон өдрөөсөө эхлэн ангидаа хэдэн цагаар сууж хөгжмөө давтана. Г.Занаа манай алдарт зохиолч Ч.Лодойдамба гуайн охин, төгөлдөр хуурч Л.Насанбаттай нэг ангид сурдаг байжээ. Нэгдүгээр ангиасаа эхлээд өнөөдрийг хүртэл цуг сурч ажиллаж байгаа хоёр. Л.Насанбат тэр үед “Красный Октябрь” төгөлдөр хууртай байсныг дурсав. Ангийн анд нь шинэ хөгжим авахуулж Ч.Лодойдамба гуай охиныхоо хуучин төгөлдөр хуурыг Занаад өгчээ. Ингэж л гэртээ төгөлдөр хууртай болох өдрийн бодол шөнийн зүүд нь биелсэн гэнэ. Тийм л сайхан сэтгэлтэй хүн байсан хэмээн нэрт зохиолчийг дурсав. “Красный Октябрь” төгөлдөр хуур нь өнөөдөр Ч.Лодойдамба гуайн гэр музейд байдаг гэнэ. Г.Занааг долдугаар ангиас нь Москва руу сургуульд явуулна гэхэд өөрөө дургүй байжээ. Ээжийгээ орхиод явна гэхээр нэг тиймэрхүү. Ингээд эрүүл мэндийнхээ үзлэгээс ч хоцорсон байна. Гэтэл тухайн үед Соёлын яамны сайд сайдын албыг хашиж байсан Ч.Лодойдамба гуай ээжийг нь дуудаж тус яамны коллегийн хурлаар оруулж хүүхдээ гадаад сургуульд заавал явуулах хэрэгтэй гэжээ. Түүгээр ч зогсохгүй янз бүрийн шалтаг тоочиж дуудуулж болохгүй гэжээ. “Ч.Лодойдамба гуай намайг төгөлдөр хуурч болоход ингэж л нөлөөлсөн юм” хэмээн Г.Занаа багш ярив.

Сурагч байхдаа зав гарвал Л.Насанбатыг дагаад нэрт зохиолчийн гэрт нь очиж тоглоно. Ч.Лодойдамба гуайнх хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн ард байсан гэнэ. Эхнэр нь бидний сайн мэдэх Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гуай ихэд сайхан хүн байсныг дурсав. Бороо орохоор “Дарь эх минь ээ” гээд л уулга алддаг байсан гэнэ.

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН, ДУУЧИН Б.БАТЧУЛУУН, АЛДАРТ ЧИБУЛАГИЙН АЧ ОХИН ИЖЛЭЭ НАРЫН БАГШ

Сурагч Г.Занаа долоодугаар анги хүртлээ Хөгжим бүжгийн дунд сургуульд сурч наймдугаар ангиасаа Москва хотод П.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дунд сургуульд үргэлжлүүлэн мэргэжлээрээ суралцсан. Тэндээсээ Гнессиний нэрэмжит хөгжмийн академид оюутан болж Ардын жүжигчин төгөлдөр хуурч Т.Цолмонтой нэг сургуульд сурч байсан төдийгүй оюутан байхдаа гэр бүлтэй болж хүүгээ төрүүлэхээр жилийн чөлөө авсан тул Ардын жүжигчин Т.Цолмонтой цуг төгссөн гэнэ.

Москвад сургуулиа төгсч ирээд Хөгжим бүжгийн сургуульдаа багшилсан. 1975 оноос хойш өнөөдрийг хүртэл тэндээ багшилсаар байгаа. 12 жилийн өмнөөс тэтгэвэртээ гарсан ч төгөлдөр хуурын мэргэжлийн багш гэдэг ховор тул үргэлжлүүлэн ажиллаач гэсэн хүсэлт тавьжээ. 42 жил багшлахдаа 50-60 төгөлдөр хуурч төгсгөсөн. Маш нарийн мэргэжил, оюутнууддаа ганцаарчлан хичээл заадаг тул бүхэл бүтэн ангиар нь төгсгөдөг багш нараас арай өөр. Хөгжим бүжгийн сургуульдаа багшаар очоод О.Лхагвасүрэн, И.Одбаяр нарт анхныхаа хичээлийг заажээ. Шавь О.Лхагвасүрэн нь сургуулиа төгсөөд Армянийн хөгжмийн консерваторт үргэлжлүүлэн сурсан авьяаслаг нэгэн аж. Харин И.Одбаяр нь өнөөдөр Завханы хөгжим бүжгийн дунд сургуулийн тэргүүлэх зэргийн концертмейстер. Өдгөө рок, попын ертөнцөд ихэд алдартай, дуучин, Төрийн шагналт алдарт хуурч Г.Жамьянгийн ач хүү, Гавьяат жүжигчин Б.Батчулуун нь Занаа багшийн шавь гэнэ. Их томоотой, нямбай хүүхэд байсныг дурсаад “Би Б.Батчулууны гутал тоостой байхыг нэг ч удаа харж байгаагүй” гэв. Гар нь бол үнэхээр төгөлдөр хуурч хүний гар. Тиймээс ч шалгуулахад нь шууд авсан гэнэ. Занаа багш сургуулийнхаа 37 номерийн өрөөнд хичээлээ заадаг. Б.Батчулуун ч тэр өрөөнд мэргэжлээ байнга давтана. Тэр үед “Таны шавь Б.Батчулуун мэргэжлээ давтаж байхдаа дуулдаг. Их гоё дуулах юм” гэж сургуулийнхан багшид нь ярьдаг байсан тухай дурсав. Анх сонсоод дуулдаг гэдэгт нь итгэж ядаж байсан гэнэ. АНУ явахаас өмнөхөн концертыг нь очиж үзэхдээ үнэхээр сайжирсан болохыг нь мэдэрсэн аж. Г.Занаа багш гавьяат жүжигчин Б.Солонго, түүний охин С.Номин гээд шавийнхаа хүүхдэд багшилсан. Шавь С.Номин нь өдгөө Бостоны их сургуульд мэргэжлээрээ магистр хамгаалсан. Ундрал хэмээх бас нэгэн шавь нь Бостоны консерваторт сурч байгаа. Сурагч нь байсан Г.Отгонбулган Австрид, Германд магистрт сурч буй Ч.Дөлгөөн багшийнхаа бас нэгэн бахархал нь. Яриад байвал бахархах шавь нар мундахгүй аж. Олон улсын уралдаан тэмцээнд сурагчид нь оролцож өөрөө шүүгчээр ажиллаж байсан. Өмнөд Монголын Хөх хотын хөгжмийн сургуульд ажиллахдаа алдарт морин хуурч Чибулагийн ач охин Ижлээгийн мэргэжлийн багш байсан. Тэнд байхдаа олон хүнтэй газрын ялгааг олж харсан гэнэ. Тэндхийн сурагч оюутнууд нь маш их давтдаг, шаргуугаараа манайхнаас ялгардаг аж. Ер нь нэг багш 40 жил ажиллах хугацаанд гар сайтай, сонсголтой, ритмтэй гээд хамгийн гол гурван шинж нь бүрдсэн мэдрэмжтэй хүүхэд ердөө л нэгээс хоёр л таардаг гэнэ. Тиймээс мэргэжлийнх нь багш хүн гэдэг сурагчдаа маш сайн ойлгож мэдэрч байх ёстой. Тэгээд ч мэргэжлийн хичээлээ ганцаарчилж ордог болохоор шавь нартайгаа илүү ойр байдаг нэг онцлогтой.

ТӨГӨЛДӨР ХУУР БОЛ ХӨГЖМИЙН ХААН

Ийнхүү ярьж сууснаа Занаа багш Б.Шаравын “Гэгээн алсад одох юмсан” бүтээлээс тоглож сонирхуулав. “Тайберт” төгөлдөр хуурыг нь сонирхоход маш сайн хөгжим, авснаасаа хойш хоёр удаа л хөглүүлсэн гэнэ. 1981 онд 3500 төгрөгөөр авч байсан, жаахан хямдруулаач гэхэд нэг ч төгрөг буугаагүй хэмээн ярив.

Тухайн үедээ л их үнэтэй байсан. Одоо бол 15 сая төгрөгийн үнэтэй төгөлдөр хуур ч байдаг гэнэ. Ингээд бид хоёр төгөлдөр хуур хөгжмийн талаар ярьж, чухам яагаад хөгжмийн хаан гэдгийг асуухад “Ингэж хэлдэг нь учиртай. Энэ хөгжмийн дугаралт нь бүхэл бүтэн оркестрын бүрэлдэхүүнийг төлөөлдөг” хэмээн тайлбарлав. Түүнээс гадна хөгжим гэдэг хүний тархи, оюун ухааныг задалдаг, хийсвэр сэтгэлгээг хөгжүүлдэг аж.


А.И.ФИЛАТОВА ГУАЙ НАДАД ХОЁР ӨРӨӨ БАЙР ӨГСӨН

Урлагт төрийн бодлогын зохицуулалт заавал шаардлагатай тухай Г.Занаа багш ярив. Нийгэм бужигнах үед соёлын боловсон хүчний бодлого алдагдсан гэдгийг ч дурдав. Урьд өмнө нь бол төрөөс онцгой анхаардаг байжээ. Төгөлдөр хуурч мэргэжлээр суралцуулахаар Зөвлөлт рүү явуулсан залуусыг хичээл номондоо ямар байгаа зэргийг байнга хянадаг байсан гэнэ. Нэг орой сургууль дээрээ концертонд бэлтгээд хөгжмөө давтаж байжээ.

Гэтэл Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатова орж ирээд орой болсон хойно гэртээ хариагүй байгаа шалтгааныг нь асуусан гэнэ. Гэртээ бэлтгэж давтах боломж байхгүй гэхэд “Та манай нөхрийн нэр дээр өргөдөл бичээд өгөөрэй” гэжээ. Ингээд л бараг долоо хоногийн дараа гэхэд хоёр өрөө байртай болсон байна. Ингэж л уран бүтээлч хүний бүтээлээ туурвих нөхцөлийг нь хүртэл бүрдүүлж өгөхөд анхаардаг байсныг дурдав. Ер нь ар гэр, амьдрал ахуй нь тавтай байж л уран бүтээлч хүнээс сайн бүтээл гарна хэмээн ярив. Манайхан сайн тамирчдаа дэмжиж байна. Урлаг, тэр дундаа сонгодог урлаг, энэ салбарт зүтгэж яваа хүмүүсээ ч мөн ингэж дэмжих төрийн бодлого хэрэгтэй байгааг хэлж байлаа. Өөрсдийгөө сурталчлаад яваа хүмүүс бол яахав дээ. Үнэндээ юу ч хийдэггүй. Үнэхээр юм хийж байгаа хүмүүс нь ажлаа хийгээд сурталчилж энэ тэр болох завгүй явдаг тухай ярив.

АЧ НАР МЭРГЭЖЛИЙГ МААНЬ ӨВЛӨНӨ ХЭМЭЭН НАЙДАЖ БАЙГАА

Занаа багш гурван хүүтэй. Эднийх саяхан шинэ иргэнээ өлгийдөж аваад байгаа гэнэ. Дандаа хүүтэй болохоор бас нэгэн ач охин төрөхөд ихэд баярласан аж. Занаа багшийн нөхөр Б.Дашилсүрэн Польшид Политехникийн дээд сургуулийг авто тээврийн зохион байгуулагч, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа Москвагаас Улаанбаатар хүртэл цуг галт тэргээр явж байхдаа танилцсан гэнэ. Том хүү нь морин хуурч. Канадын Ванкувер хотод амьдардаг. Том бэр нь төгөлдөр хуурч, Канадад хөгжмийн сургуульд мэргэжлээрээ ажилладаг. Удаах хүү нь Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд ажилладаг. Отгон хүү нь инженер мэргэжилтэй. Хүү нар маань төгөлдөр хуурч болоогүй, бол ч гэж шаардаагүй гэнэ. Харин ач охидуудаас нь төгөлдөр хуурч болох байх хэмээн ихэд найдаж байгаагаа ярив.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *