Categories
мэдээ нийгэм

Бестселлер болж буй таван ном

Бид хэдийгээр мэдээллийн эрин үед амьдарч байгаа ч амжилтад хүрсэн хүмүүсбүгд номыг шимтэн уншигчид байдаг нь санаандгүй хэрэг биш юм. Ингээд шинэ сонирхолтой ном, бүтээл гарахыг тэсэн ядан хүлээж суудаг, ном унших дуртай уншигчдаа сүүлийн үед бестселлер болж байгаа номуудыг хүргэе.

Өнгөрөгч долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн эхний таван ном

1. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн тухай“Цөхрөл намайг хатуужуулж, Найдвар намайг урагшлуулдаг” хэмээх ном өнгөрөгч долоо хоногийн шилдэг борлуулалттай номыг тэргүүлсэн байна. БНСУ-ын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн он жилүүдэд аавтайгаа (Паг Жон Хы) хамт зогсож байсан охин хөгжлийн буухиаг үргэлжлүүлэхээр БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа энэ үед түүний дурсамж, дуртгалын ном уншигчдын дуртай ном болжээ. Энэ ном нь нэг талаар түүний дуртгал хэдий ч нөгөө талаар түүний ирээдүйд хандсан амлалт, тэмүүллийг өгүүлсэн аж. Энэ номоор дамжуулан та БНСУ-ын орчин үеийн түүх, нийгмийн өөрчлөлт, гадаад, дотоод бодлогын талаар тодорхой ойлголт авах боломжтой юм байна.


2. Борлуулалтаараа тэргүүлж буй хоёр дахь ном бол “Хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх ухаалаг карт” хэмээх ном юм. Энэхүү ном нь интернэтгүй орчинд ашиглах боломжтой, хүүхдийн танин мэдэх чадварыг хөгжүүлэх ухаалаг карт. Үнэгүй татаж авах аппликейшний тусламжтай сансар огторгуйгаар зорчин, бяцхан шавжны цуглуулгатай болж, гэртээ амьтны хүрээлэнг бий болгож, эрт галавын үед амьдарч, монгол гэрийн ёс заншилтай танилцаж, гайхамшигт оньсон бүтцийг судлах боломжтой.




3. Зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” роман жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Энэхүү роман эгэл жирийн нэгэн англи хүмүүн монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүчийг олсон лам хувраг хүмүүн явснаа мэдэж улмаар үйлийн үрийн гүн гүнзгий утга, мөнх ба мөнх бусын амьдралыг танин мэдэж, дэлхий ертөнцийн ил далдын гайхалтай явдал, дээд оршихуйн чанадын гайхамшигтай нууцад нэвтрэн, гэгээрлийн хутгийг олж буй тухай өгүүлнэ. Зохиолч Б.Батрэгзэдмаа “Очир эрхшээгч” бүтээлээрээ хувь хүмүүний заяа төөргийг түүхэн орон цагийн явдлаар өгүүлэхдээ өрнө дорнын оюун санааны шүтэлцээ, дэлхий ертөнц одот огторгуйн барилдлагыг нээн, хүн төрөлхтөний эрхэм нандин эрмэлзлэл болох энэрэл хайр, элбэрэл нигүүсэл, буянт хийгээд бодь сэтгэлийн чанарыг сонин содон сэтгэлгээгээр тод томруун дүрсэлж, өөрийн гэсэн өвөрмөц хөгжимлөг хэллэгээр гайхалтай урнаар илэрхийлэн, дээд гүн гүнзгий ойлголтуудыг уншигчдадаа түгээн дэлгэрүүлж, гэгээрэл өөд тэмүүлэх утгыг утга зохиолын аргаар нээж өгчээ.

4. 1982 оны Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтан. Колумбын нэрт зохиолч, сэтгүүлч Габриель Гарсия Маркесийн “100 жилийн ганцаардал” роман шилдгүүдэд шалгарсаар байна. Испани хэл дээрх уран зохиолыг ярихын тулд нэн тэргүүнд Колумбын зохиолч Габриель Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” романыг дурдах хэрэг гарна. Маркес 1927 онд Колумбын далайн эргийн Аракатака тосгонд төржээ. Сэтгүүлчийн мэргэжил эзэмшин олон газраар аялсны эцэст 17 жилийн өмнө эхлүүлсэн зохиолоо барьж авсан нь “Зуун жилийн ганцаардал” байлаа. Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал эсвэл зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ.


5.Японы алдарт зохиолч М.Харүкийн “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” хэмээх ном тавдугаарт жагсчээ. Тазаки Цүкүрү ахлах сургуульдаа дөрвөн сайн найзтай байв. Тохиолдлоор ч тэр үү найзууд нь цөм өнгө орсон нэртэй, Хоёр хүүгийн нэгийг нь Акамацү (“улаан нарс”), нөгөөг нь Оүми (“цэнхэр далай”) гэдэг. Хоёр охиныг Ширанэ буюу “цагаан үндэс”, Күроно буюу “хар тал” гэнэ. Цүкүрүгийн нэр л ганцаараа ямар ч өнгөгүй ажээ. Товч агуулга нь “Нэг өдөр найзууд нь Цүкүрүд цаашид найзалж, нийлэхээ больё, дахиж чамтай уулзах ч үгүй, ярих ч үгүй хэмээн мэдэгдэв.Тэр өдрөөс хойш Цүкүрү хэнтэй ч дотно холбоо үүсгэж нөхөрлөж, үерхэж чадалгүй салхинд хийссэн бөмбөлөг мэт амьдрах болжээ. Ийн амьдарсаар Цүкүрү, Сара хэмээх бүсгүйтэй учирсан нь олон жилийн өмнө чухам юу болсныг ухаж төнхөж, учрыг нь олох хэрэгтэй хэмээн түүнд ярина…” гэсэн байна.

Сүүлийн үеийн залуучууд, хүүхдүүд бүгд өөрийгөө хөгжүүлж, мэдлэгийнхээ хүрээг тэлэх зорилгоор ном их унших болсон байна. Ялангуяа уран зохиолын ном илүү борлуулалттай байдаг аж. Мөн цахим номын худалдаач нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна.

Түүнчлэн Б.Баярхүүгийн “Өлөн чонын улиан”, Б.Буянбадрахын “Жиндүү намрын үүрээр”, “Сонгодог өгүүллэгийн дээжис III” гэх мэт утга уран зохиол, баримтат бүтээллүүд, болон хүүхдийн төрлийн 40 гаруй шинэ ном бүтээл нэмэгдэн ирсэн” гэж “Интерном” дэлгүүрийнхэн өгүүлсэн юм.

Э.Мөнхтүвшин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *