Categories
мэдээ улс-төр

Берлин хотын төв бүсэд Монгол Улсын Элчин сайдын яам шинэ байртай боллоо

ХБНГУ-ын Берлин хотоос манай тусгай сурвалжлагч М.Мөнхцэцэг мэдээлж байна

ХБНГУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам Берлин хотын яг төв хэсэгт шинэ байртай болжээ. Будаг нь ханхалсан энэхүү шинэ байрны нээлтийн ажиллагаа өчигдөр болсон юм. Ерөнхийлөгчийн Герман улсад тун шахуу хөтөлбөртэй хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд өөрийн улсын Элчин сайдын яамны байрны туузыг хайчилсан юм. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл, Германы талаас ХБНГУ-ын гадаад хэргийн Төрийн сайд Михаел Роот, Гадаад хэргийн яамны Улстөрийн газрын захирал Клеменсфон Гетце болон албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцов. Ерөнхийлөгч тус Элчин сайдын яамны байрны түлхүүрийг гардуулж өгөхдөө “Монгол Улсын Элчин сайдын яам Берлиний төв хэсэгт чухал байршилд албан ёсны байртай болж байгаад нь баяр хүргэе. Элчин сайдын яамны хувьд ажиллах нөхцөл боломж сайжирч байгаа нь Герман улстай харилцах харилцаанд маш том ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байна” гээд тэдэнд ажлын амжилт хүсэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *