Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бэр гуйх нь аминд халтай хэрэг болсон уу

-БЭР ГУЙЖ ОЧСОН 53 НАСТАЙ ЭРЭГТЭЙ АРХИНД ХОРДОЖ АМИА АЛДЖЭЭ-

Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт бэр гуйхаар очсон 53 настай Тайванжаргал архинд хордож харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарчээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст нэгэн иргэнээс өнгөрсөн есдүгээр сарын 26-нд дуудлага ирсэн.

Цагдаа нар дуудлагын дагуу очиход 53 настай эрэгтэй архинд хордсон байдалтайгаар гаднаа ямар нэгэн ил шархгүй амь насаа алдсан байсан. Бэр гуйж очсон айл нь их хэмжээний архи уулгасан. Үүнээс болж талийгаач архинд хордож зүрх нь зогссон гэсэн” гэв. Түүнчлэн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлт ч дээрхтэй адил гарчээ. Талийгаачийн тухайн үед уусан архийг шинжилгээнд өгсөн байгаа. Архинаас хүний биед хор нөлөө учруулах ямар нэгэн зүйл илрээгүй аж. Мөн бэр гуйх ёслолд оролцож байсан хүмүүсээс цагдаагийнхан гэрчийн мэдүүлэг авсан гэнэ. Энэ тухай эх сурвалж “Бэргэн талын сөнч буюу архи, айраг аягалж байсан гурван ч хүнд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, баривчлах ялаар шийтгэх гэж байгаа гэсэн” гэв.

“БЭРГЭНДЭЖ ОЧСОН АХАД МИНЬ АРХИ ИХ ӨГСНӨӨС БОЛООДАМИА АЛДЧИХЛАА”

Бэр гуйж очсон 53 настай эрэгтэй архинд хордож амь насаа алдсан хэргийн талаар нэгэн иргэн бидэнд мэдээлэл өгсөн юм. Нэрээ нууцлахыг хүссэн тэрбээр “Сүүлийн жилүүдэд бэр гуйна гэж хоёр талын хүмүүс цуглараад архидан согтуурдаг л ажил болоод байгаа.

Ийм ёс заншил өмнө нь огт байгаагүй. Хүмүүсийн архидах гэж гаргаж ирсэн худлаа ёс заншлаас болоод сайхан ах минь амиа алдчихлаа. Тухайн үед юу болсон талаар та бүхэнд ярьж өгч болно. Манай хамаатны нэг хүүхэд эхнэр авсан юм. Ламд очиж өдөр судар асуусан. Тэгсэн лам нь “Есдүгээр сарын 26 үзэлтгүй сайн өдөр байна. Морь цагт багтаж бэргэнээ гуйгаад ав” гэж хэлсэн юм байна лээ. Ингээд манай талаас бэр гуйхаар ах, дүү хамаатан садангийнхаа хүмүүсийг явуулсан. Тэгтэл манайд бэр орж байгаа охины ар гэрийнхэн “За бэргэндэж байгаа хүмүүс эхлээд энэ аягаар гурав уучих. Тэрний дараа хадаг авах уу үгүй юү гэдгээ ярина” гээд л том аягаар гурав хийгээд өгсөн байгаа юм.

Бэр гуйхаар ирсэн бүх хүн өгсөн архийг нь уучихсан юм билээ. Үүний дараа бэргэндэж ирсэн хүнээс хадаг аваад гурав уулгачихсан. Ингээд найр хавтгайрч эхэлсэн шиг байгаа юм. Нэг хүн барагцаагаар 0.75 шилтэй хоёр архи ууцгаасан гэсэн. Үүний хажуугаар айраг, шимийн архи, цай, хоол идсэн. Гэнэтхэн архийг хэдэн литрээр нь уулгачихаар тухайн хүн цочирдолд ороод гүн хордлогод орох нь тодорхой шүү дээ. Энэ бэр гуйх, хурим хийх, шинэ гэр, байрны найр гэх нэрийдлээр эх адаггүй архидаж, нэгэндээ архи шахахаа болих хэрэгтэй. Хаа хаанаа бодох асуудал гэдгийг хүний амь хохирсны дараа ухаарч байна шүү дээ.

Өнөөдөр дөнгөж амьдралаа эхлүүлж байгаа хоёр дүүгийн маань сэтгэл санаа ч маш хүнд байна. Тэдний буруу биш. Энэ харамсалтай хэрэг ерөөсөө л монголчуудын хэн нэгэнд архи уулгаж согтоогоод бах таваа хангадаг муухай зуршлаас болж байна. Бусдад архи шахдаг ёс заншил Монголд байгаагүй. Одоо хэн нэгэндээ архи шахаж өвчигнөдөг байдлаа болих цаг нь ирсэн” гэв.

БЭР ГУЙЛТААР НЭГНИЙГЭЭ АРХИАР ШАХДАГ НЬ МОНГОЛЫН ЁС ЗАНШИЛ БИШ. АРХИДАН СОГТУУРАХ ГЭСЭН ХҮМҮҮСИЙН ЗОХИОСОН ХУДАЛ ЗҮЙЛ

Сүүлийн үед монголчууд найр наадам нэрийн дор архидан согтуурдаг болсон. Тэр тусмаа бэр гуйхаар ирсэн хүргэн талын хүмүүсийг их архи өгч согтоож, гэрийнхээ хаалгаар мөлхүүлж гаргадаг, худ болох хүмүүсийг гэрээсээ согтоож гаргахгүй л юм бол бэр гуйсан болохгүй мэт авирладаг гэх бусармаг байдал газар аваад байгаа. Бүр тодруулбал, сүүлийн үед бэр гуйхаар ирсэн хүмүүсийг орж ирэнгүүт хоолны өмнө 0.5-1 литрийн хултай айраг уулгадаг. Бэр гуйхаар цэмцийн суух хүмүүс хийгээд өгсөн айргийг уучихдаг. Үүний дараа тагш аягаар архи дүүргээд гурван удаа уулгачихдаг.

Үүнийхээ дараа мөн л монгол архи 250 граммын аяга дүүрэн мэлтэлзүүлээд бариад зогсчихдог. Хэдхэн минутын дотор хүний ходоодонд сүүтэй цай, архи, айраг, монгол архи холилддог. Ингээд дуусахгүй бэр гуйж хадаг тавих ёслол болдог. Мөн л архи, айраг хийж өгөөд байдаг. Бэргэндэж ирсэн хүнээс хадаг, сүүг нь авсны дараа мөн охиноо өгсөн авсан гээд л айраг, архи, монгол архинаас хүн бүр хамгийн багадаа, ёсыг дагаж гурван удаа уучихдаг. Энэ мэт байдлаар битүү архидалт болдог. Сөнчид нь ч хүмүүсийг архиар шахаж, уулгаж л байвал болоо гэсэн шиг чөлөө завгүй хундагалаад л байдаг.

Хэн нэгэн архи уухгүй гэвэл “За чи айлыг нь голоо юу, архийг нь голоо юу. Энэ хүн архины аяга голж байгаа юм байна. Том хул аваад ир” гэж сүрдүүлж байгаад заавал уулгадаг. Зарим газарт бүр дээлийнх нь өвөр рүү хултай айраг хийж, чихийг нь мушгин барин байж уулгадаг. Шанагаар толгой руу нь цохиж хүртэл архиар шахдаг газар бий. Үүнээс гадна сөнчдийн хэлэх үг бэлэн цэцэн. Ёроолыг нь гартал уухгүй бол “Зузаан байна зуд болно шүү. Алив хурдан уу дараагийн хүн хүлээгээд байна. Бэр гуйх гэж ирсэн юм бол Монголынхоо ёсыг дагана аа хө. Чи юу гэх нь хамаагүй заавал наадахаа ууж дуусга” гэж ирээд л айлгаж сүрдүүлэхийг үзүүлж өгнө. Энд тэндээс үг нийлүүлэн хатгаж “Иймхэн архи ууж чадахүй юм бол яах гэж бэр гуйж ирсэн юм бэ. Чи ууж чадахгүй юм бол манайхан ингэж уудаг юм” гээд л өмнө нь аяга дүүрэн архи хөнтөрч үзүүлээд л сүр болно. Хэдэн талаасаа ингэж шахуулж шордуулсан хүн хийж өгсөн архийг нь уудаг. Эргээд гэрт нь очиход яг энэ мэтээр өөрсдийг нь угтана. Ингэж л бэр гуйх нэрийдлээр бие биенийгээ архиар шахдаг.

Хэтэрхий их архи огцом уусан хүмүүс өөрийгөө удирдах чадваргүй болтлоо согтдог. Бэр гуйсан айлдаа уйлж унжин, гэрт нь бөөлждөг. Гэрийнх нь хоймроос мөлхөж гардаг. Бүр бэрээ аваад хөдөлж байхад нь хүртэл машины цонхоор архи хийж өгдөг. Охиноо айлын бэр болгож байгаа гэрийнхэн худуудынхаа согтож, тасарсныг хараад шоолж инээн, бах таваа хангадаг. Хэдэн жил инээд наргиан хийж бусдыгаа доромжилдог.

Эх адаггүй бусдыгаа шахаж согтоохыг Монголын ёс гэж хүмүүс андуурдаг. Тэгвэл Монголын ёс заншилд архиар шахаж, согтоодог ёс байхгүй гэдгийг судлаач, эрдэмтэд батлан хэлж байна. Гэвч монголчууд энэ хүний мууг үзэх гэсэн буруу үйлдлийг бараг ёс болтол хэвшүүлж, олон арван хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Энд зөвхөн бэр гуйх үеэр гарсан зарим харамсалтай тохиолдлыг дурдъя. Хэдэн жилийн өмнө гэхэд Булган аймгийн нэгэн сумын Тамгын газрын дарга бэр гуйж ирээд машиндаа өөд болсон харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийг ухаанаа алдтал нь согтоосон худууд машинд нь суулгаж өгсөн байдаг. Бараг ам, хамарнаас нь архи урсаж байсан уу гэтэл согтсон тэрбээр хэдхэн цагийн дараа сэргэж ч чадалгүй зүрх нь зогссон байдаг. Мөн Хөвсгөл аймагт бэр гуйж явсан хүмүүс онхолдож, бүгд хүнд бэртэл авсан хэрэг ч гурван жилийн өмнө гарсан билээ.

Жолоочид архи шахаж өгснөөс болоод осол гарсан гэдгийг сүүлд замын цагдаа нар тогтоосон. Мөн бэр гуйлтаар согтуу ирсэн хүмүүс хоорондоо зодолдож нэгнийгээ хөнөөсөн хэрэг Өвөрхангай аймагт гарсан. Ах, дүү хамаатан садангууд зодолдож, нэг нь амиа алдаж, гурав нь бусдыг бүлэглэн зодож аминд нь хүрсэн хэргээр 18 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан. Бусдыг архиар шахаж уулгасан нь сайн зүйл авчирч байгаагүй. Дандаа л үхэл хагацал, өнчрөл авчирдаг. Гэтэл монголчууд бэр гуйх, найр хурим хийх, шинэ байшинд орох бүртээ Монголын ёс гэж мунхаглан нэгнийгээ архиар шахдаг.

Энэ бүгдийн золиосонд хэдхэн хоногийн өмнө нэг хүн амиа алдсан нь гашуун сургамж биш гэж үү. Монголчууд бусдад архи шахдаг харанхуй бүдүүлэг байдлаасаа салах цаг нь болсон. дашрамд дурдахад, бусдад архи шахаж уулгасны улмаас согтсон нэг нь элдэв осол гэмтэл, хэрэгт орвол Зөрчлийн тухай хуулиар 14-20 хоног хорих ялаар шийтгэдэг болсон шүү.

Тэгэхээр бэр гуйх, хадаг тавих урилгатай хүмүүс Зөрчлийн хуулийг хэвлээд тухайн айлдаа очвол аминд нь аюулгүй байх боломж гарах нь. Хууль дүрэм ийм болсон шүү нөхөд өө, архиар шахаж согтоовол ял шийтгэл оногдуулдаг болсон гэж бусдад ойлгуулахгүй бол бэр гуйх балрын энэ ёс хичнээн ч хүний аминд хүрэхийг тааварлах аргагүй.

Г.БАТЗОРИГ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *