Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас мэдээлэл хийж, шатахууны үнийг 50-100 төгрөгөөр хямдруулах боломж байна гэж үзэж байгаагаа дуулгалаа.
Тодруулбал, ШӨХТГ-аас хийсэн шалгалтынхаа дүнг үндэслэн Улаанбаатар хот орчмын шатахуун түгээх станцуудаар худалдаалагдаж буй А-80, АИ-92 автобензин, дизель түлшний одоогийн үнийг бууруулах боломж байгаа гэж үзсэн байна. Тухайлбал, А-80 автобензин 50 төгрөгөөр хямдарч 1470 төгрөгөөс 1420 төгрөг болж болох гэнэ. Мөн АИ-92 автобензин 100 төгрөгөөр хямдарч 1580 төгрөгөөс 1480 төгрөг, дизель түлш 100 төгрөгөөр хямдарч 1690 төгрөгөөс 1590 төгрөгийн үнэтэй байх боломжтой ажээ. Ийм дүгнэлтийг гаргахад нөлөө үзүүлсэн хүчин зүйл бол дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн бууралт гэв.