Categories
гадаад мэдээ

Бен Ходжес: Би ОХУ-ын армийг хэт үнэлж том алдаа гаргасан DNN.mn

“Youtube” дээр өчигдөр тавигдсан, “Фейгин LIVE” сайтын “Нарасстоянии удара. Беседа с Беном Ходжесом” буюу “Цохилт хийх зайд.Бен Ходжестой хийсэн ярилцлага” гэсэн Европ дахь АНУ-ын цэргийг удирдаж байсан, “Ирээдүйн дайн ба Европын батлан хамгаалалт” номын зохиогч, НАТО-гийн ложистикийн ахлах зөвлөх, АНУ-ын бэлтгэл дэслэгч генерал, цэргийн нэрт шинжээч Бен Ходжестой хийсэн ярилцлагыг товчлон хүргэж байна.

Өнөөдөр Кремлээс гарч байгаа ямар ч мэдээнд хэн ч итгэхгүй болсон нь өөрөө харамсмаар явдал. Иймээс өнөөдөр Оросуудын гаргаж тавьсан “бохир бөмбөг”-ний асуудлыг дэлхий “Оросууд өөрсдөө хэрэглэчихээд Украиныг буруутгах гэж байна”хэмээн ойлгож байна.

Орос тактикийн цөмийн бөмбөг хэрэглэвэл АНУ ямар хариу авахыг би үнэндээ хэлж мэдэхгүй.Гэхдээ мэдээж Оросын нутагт эхлээд цохилт өгөхгүй. Харин Украинд байгаа Оросын цэргүүдэд цөмийн эсвэл цөмийн бус зэвсгээр цохилт өгнө. Орос ямар үйлдэл хийнэ АНУ тийм хариу барина гэдэг харин ойлгомжтой зүйл.

Би Европ дахь АНУ-ын цэргийг удирдаж байхдаа ОХУ-ын армийг хэт үнэлж байсан нь маш том алдаа болсон.Энэ алдаа гурван үндэслэлээс болж гарсан.Нэгдүгээрт, авлига Оросын армийн гүнд ийм гүнзгий орсон гэдгийг би мэдээгүй.Оросын армийн авлига цэргүүдийн хугацаа нь дууссан хоол хүнс, стандарт хангахгүй хувцас хэрэгсэл, зэвсэглэлээр илрэн гарсан. Хоёрдугаарт, би Оросын армийг Чечень, Сири, Африкт хийсэн байлдааны туршлагатай гэж буруу дүгнэсэн. Үнэндээ дайнд оролцоогүй хэсэгтээ эдгээр туршлагыг огт эзэмшүүлээгүй байсан. Энэ нь ганц замаар олон арван км үргэлжлэх цэргийн цуваа явуулж устгуулснаар тодорхой болсон. Гуравдугаарт, би Оросын армийг орчин үеийн байлдааны тактик эзэмшсэн гэж эндүүрсэн. Үнэндээ Оросын цэргийн хээрийн сургуулиуд нь цэргийнх нь парад шиг зүгээр л үзүүлбэр байсан байж таарсан.Энэ нь агаарт ноёрхож чадаагүй явдал, цэргийн анги нэгтгэлүүдийнхээ харилцан ажиллагааг хангаж чадахгүй хэт их цэрэг, техникийн хохирол амсаж байгаагаар нь тодорхой болсон.

Өнөөдөр ОХУ маш олон цэрэг шинээр татан дайнд татан оруулж байна. Гэхдээ байлдааны зохих бэлтгэлгүй цэргүүдийг дайнд оруулна гэдэг нь өөрөө гэмт хэрэг. Ийм олон зохих бэлтгэлгүй цэрэг байлдааны явцад хохирол их амсах ч үлдсэн хэсэг нь байлдааны туршлагатай болно гэж бодож байгаа бол өөрөө бас төөрөгдөл.Өнөөдөр орос цэргүүдэд яах гэж байлдаж байгаа нь үнэндээ ойлгомжгүй байна. Энэ нь Оросын цэргүүдэд байлдах тэмүүлэл огт байхгүй гэсэн үг. Байлдах эрмэлзэлгүй цэрэг хэзээ ч ялахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Иймээс Оросын арми өнөөдөр стратегийн төдийгүй тактикийн ялагдал хүлээж эхлээд байна.Тэдний цэрэг ялахгүй гэдэг нь тодорхой болсон тул Кремль Украины дэд бүтэц, энгийн иргэдийг пуужингаар харваж, дроноор довтолж байна. Кремль удахгүй АНУ-д завсрын сонгууль болж конгрессын шинэ гишүүд Украиныг дэмжихээ болих болов уу хэмээн горьдож байна. Иймээс Оросын төр, засаг ямар нэг байдлаар асуудал үүсгэж тактикийн бүрэн ялагдал хүлээх цаг хугацаагаа бага ч гэсэн хойшлуулахыг оролдож байна. Гэхдээ хоёр сарын хугацаанд Украин Оросын энэ удаад эзэлсэн газар нутгаа чөлөөлж, ирэх онд Крымийг чөлөөлнө гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл болоод байна.

Хятад Оросыг цөмийн бөмбөг хэрэглэхгүй байхыг шаардаж байгаа бөгөөд ерөөс энэ дайныг эхлүүлж барууны улсуудыг сэрээсэн явдалд нь Путинд Хятад дургүй байгаа юм. Өнөөдөр барууны улсуудын цэргийн үйлдвэр сэргэсэн явдал Хятадад таагүй байдал үүсгээд байгаа хэрэг.

Барууны улсууд нэгдэж Украинд Оросуудыг ялагдуулах явдал маш чухал ач холбогдолтой асуудал болоод байна. Эс тэгвээс Хятад толгойгоо сөхөж Тайвань зэрэг бусад газарт довтлох болно. Иймээс Украин энэ дайнд ялах нь гарцаагүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *