Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бэлчээрийн үл үзэгдэх “мэстэй гар”


Түрүүч нь №186(6552), 192(6558), 198(6564), 203(6569), 208(6574) дугаарт


Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан хөгжөөн, наргиантайгаар өгүүлсэн энэ ном саяхан хэвлэлд шилжиж байгаа аж.

Нүүдэлчдийн бизнес цэцэглэх нь тэдний эв нэгдэлд харштай, хэвийн амьдралд эвдрэлтэй, улмаар байгаль орчинд харшилтай ажгуу. Шалтгаан нь зэрвэс харахад дундын бизнес гэмээр, нэг хотонд налайсан мал сүрэг нь. Мал нь хорогдсон биш, харин өссөн нь гай болж.

Мал өсөх нь сөрөг, малд өсөхөд таатай цаг агаар ч бас сөрөг хүчин зүйл болжээ. Малын хорогдол, ган гачиг, зуд турхан нь харин ч нүүдэлчдийн хэвийн амьдралыг тогтоон барьж байдаг хүчин зүйл ажгуу.

Ажил хэрэг сайн явахын хэрээр сүйрэл отдог бизнес гэж байх уу? Тэгэхээр чөлөөт зах зээлийг анхлан хэрэгжүүлэгчдийн өлгий нутаг дахь амьдралын хэвшил нь өөрөө чөлөөт эдийн засагт харш! Хот суурины эдийн засгийг хөгжүүлдэг мутар энд ирээд мэс барьсан урт гар болдог, айн!

Иимээс, нүүдэлчид бусдын бизнес цэцэглэхийг хараад болгоомжилж эхэлдэг зөнтэй болж. Суурин газарт хөршийнх нь наймаа худалдаа цэцэглээд аюул учруулна гэж үгүй. Харин нүүдэлчин хүн хөрш айлынх нь мал өсвөл түгшиж эхэлнэ. Наанадаж л нутаг бэлчээрийн хэрүүл гарна. Цаанадаад, хэн нэг нь амьдарч дассан нутгаа орхиж нүүхэд хүрнэ.

Тал нутагт олон малтай байтугай олон бүлтэй хөрш нь бэрхшээл учруулна. Хүний олноороо зодож, хавь ойрын аргалыг түүгээд дуусгах тул гал алдахад хүргэх гэм осолтой.

Нүүдэлчид бүр байчихаад их нөөц бэлчээртэй байхыг чухалчилна. Хэзээ очихыг бүү мэд, хэзээ ч тийш зүглэхгүй ч байж мэдэх, өөрөөс нь өөр хэн ч эзэгнэхгүй, тийм уудам нутагтай байхыг чухалчилна. Айлд нэг гутлын “холоотог” байхад зүгээрийн адил улсад нэг тийм эзгүй газар байхад тун зүгээр аж. Өнөөдөр, Монголоор л дүүрэн алдагдсан, булаагдсан газар нутгийн гомдол. Оросуудаас айх тул Урианхайн хязгаар буюу Тува, сүүлд хилийн хэлэлцээрээр РСФСР-т очсон умард хилийн өргөн зурвас барагтай бол яригдахгүй.

Түүний оронд БНХАУ-ын хилийн цаана орсон Байтаг уулын оройноос эхлээд нэргүй өндөрлөгүүд яригдана. Халх голын дайны төгсгөлд, Зөвлөлт-Япон хоёр хэлэлцээ хийхдээ тухайн үедээ манай нутаг тооцогдож байсан Мана уулыг Манж-Го-гийн талд үлдээчихжээ. Хэдийгээр Москвагийн шийдсэн асуудал боловч Хятадад булаагдсан байдлаар авч үзнэ. Захын суманд очоод чагнахад л хажуу сум, зэргэлдээ аймагтаа “луйвардуулсан” гэх нутгаа халаглан, харамсан ярихыг сонсоно.

Зүгээр нэг яригдахгүй. Чухам эдгээр газар нутгаас л болоод өнөөгийн нийгэм эдийн засгийн бэрхшээлүүд ургаад ирчихсэн юм уу гэмээр чухал сонстоно. Гэтэл Монгол Улс иргэдээ тус бүр 0.7 газар үнэгүй өмчилж авна уу гэж гуйсаар 20 орчим жил өнгөрөв. Газраар гачигдан, хөршийнхөө хил рүү өнгөлзөн алдсан манайхны ердөө 18.5 хувь нь л хувьдаа газар авчээ.

Нүүдэлчдийн нүдээр бол газар нутаг бэлчээр нь чиний байж болохгүй. Учир нь ган гачиг болбол тэр нутгийг хаяад л нүүх учраас тэр. Бас өөр хүнийх байж болохгүй. Нүүгээд очиход өөр айл буучихсан байвал ямар хэрэг байх вэ? Иймээс хорвоо ерөнхийдөө хариуцах эзэнгүй байх нь нүүдэлчдэд зүгээр юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг кампанийн мөн чанар ч чухам энэхүү миний ч биш, чиний ч биш бэлчээр байлгах нүүдэлчдийн эрмэлзэлтэй л холбож харууштай. Нүүдэлчид ойр орчмын хөршдөө муу муухайг хүсэхгүй ч бэрхшээл учруулахуйц хэмжээнд өнөржин, баяжихыг хэрхэвч ерөөхгүй. Бас бэлчээрийг түр эзэгнэхээс биш, эзэмших сонирхолгүй шигээ бусдыг ч хавьтуулах хүсэлгүй.

Харин Бурхан тэнгэр нүүдэлчин монголчуудыг зориуд даапаалах гэсэн мэт хамгийн олон хүнтэй, хамгийн том амбицтай, суурин амьдралтай Орос, Хятад хоёрыг хөрш болгон өгчээ.

“Худал” үгүй социалист худалдаа

… Социалист эдийн засаг зөвхөн, мал нь өссөн Бат, Дорж хоёрын удмыг хэрэлдэх, зодолдохоос аварсан юм биш. Чөлөөт зах зээлийн үндэс болсон хувийн өмч, чөлөөт худалдааг боомилон тогтоцыг, Их гүрний үр сад талархан хүлээж авсан нь гэвэл ямар сонсогдох вэ.

Хэдэн жил болоод л ган зудын мөчлөг ирж, малыг бардагт дассан нүүдэлчид өмчийг нь нийгэмчлэхэд төдий л гонсойсонгүй. Малаа зуданд бараад 50-75 хоньтой үлдээ л биз. Малын бараагүй, хот нь харлаад үлдэхийг аль тэр гэх билээ. Харин ч дүн нуруутай хоцорлоо.

Хөдлөх, үл хөдлөх бусад хөрөнгө бүгдээрээ улс, нийгмийн өмч буюу дундын юм болсон нь шинэ ч юм биш. Ганц нэг боломжтой айлд байсан хөрөө, гар тээрэм гэхчлэнгийн багажийг гуйж аваад хэрэглэдэг байсан шүү дээ. Марксизм “үйлдвэрлэлийн хэрэгслэл нийгмийн өмч байх ёстой” гэж сургадаг нь алх, хадаас, гутлын холоотогийг дундаа хэрэглэсээр ирснийг л шинжлэх ухаанчаар томьёолсон юм биш үү?

Социалист эдийн засгаас хамгийн их таалагдсан юм нь социалист худалдаа байлаа. Бараа, үйлчилгээний үнэ хөлс нь шингэсэн өртөг, тээврийн зардал, байршлын хүчин зүйлээс үл хамаардаг нь нүүдэлчдэд таалагдлаа. Улаанбаатарт нэг килограмм нь “11 төгрөг 20 мөнгө” байгаа хатуу чихэр Баян-Өлгийд ч, Дорнодод ч ялгаагүй тэр л үнээрээ зарагдана.

Үнийн хорооны саналаар, Нам төрийн удирдах дээд түвшний хэдэн дарга ярьж суугаад л “Энийг хэдээр зарвал зүгээр вэ” гэхчлэнгээр тогтооно. Жишээлэхэд, шил архи 28 төгрөгөөс өгсөөд нүдэн дээр минь 37 төгрөг орчим болж байв.

Бүх малаа нийгэмчлээд, нэгдлийн гишүүн болж хөдөлмөрлөн насаа барсан эмээ маань сард 32 төгрөгийн тэтгэвэр авдаг байв. Хэрвээ, цагаан сараар хүн дайлахаар шил архи авах гэвэл таван төгрөг зээлэх учиртай.

За яах вэ, миний эмээг өөрөө агсам согтуу тавихгүй ч бусдыг архидуулан нийгмийн хэв журам зөрчихөд хүргэхээс сэргийлж спирт бүтээгдэхүүний үнийг өндөр тогтоосон байж гэж бодъё. Тэгвэл зөөлөн чихэр яагаад 24-48 төгрөгийн үнэтэй байсан юм бол? Иргэдийнхээ цусан дахь сахарын хэмжээг нэмэгдэхээс сэргийлсэн алхам гэх нь хаашаа юм бэ? Иймэрхүү нууцлаг, мистик шинжтэй үнэ тогтоох аргачлалын учрыг тайлаагүй ч эмээ маань бараг бүтэн шил архи, эсвэл 700 грамм зөөлөн чихрийн тэтгэвэртэй байсныг хуучлаад амжлаа. Үнэ утгагүй байлаа ч орон даяараа “утгагүй үнэ” тэгш үйлчилдэг нь гоё. Бусад бүх хүн олж авбал тэр үнээр л авна, үгүй бол адилхан хоосон хоцорно.

Үүнээс шударга юм гэж хаана байх билээ? Хэнбугай ч энэ үнэн дээр, ядаж нэг мөнгө ч нэмж чадахгүй. Баярлаж хөөрсөн нүүдэлчид “социалист худалдаа” гэдэг үгнээс “худал” гэдэг муухай язгуурыг хасаад “ Социалист Үнэндээ” болгочихоогүй нь их юм. Гэхдээ худалдаа хийдэг хүнийг нь худалдаачин гэхгүй. Худалдагч гэхээр шал өөр сонстож байгаа биз дээ.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *