Categories
гадаад мэдээ

Беларусийн сөрөг хүчний “Жыве Беларусь” уриаг нацист бэлгэдэл хэмээн хорьж болзошгүй

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн дэглэмийн эсрэг өнгөрсөн хаврын турш өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний “Жыве Беларусь” (“Беларусь мандтугай”) уриаг нацист бэлгэдэл хэмээн хорихыг тус улсын Дотоод хэргийн яам санал болгожээ. Беларусийн Дотоод хэргийн яам энэ уриаг Дэлхийн II дайны үеэр нацист Германы талд орсон Беларусийн байгууллагууд хэрэглэж байсныг онцолсон байна.

Гэтэл Беларусийн үндэсний их яруу найрагч Янка Купалагийн ХХ зууны эхэн үеийн шүлэгт энэ уриа хэдэнтээ давтагддаг ажээ.

Мөн нацист Германы эсрэг эрэлхэгээр тэмцсэн Беларусийн Витебск орчмын партизанууд “Жыве Беларусь” уриаг хэрэглэдэг байжээ. Мөн Беларусийн парламент буюу Үндэсний хурлын хэвлэл “Народная газета” сонины толгойд 2020 оны арванхоёрдугаар сар хүртэл чухам энэ уриаг бичдэг байсан тухай сөрөг хүчний “Белорусский партизан” цахим хуудсанд дурджээ.

Беларусийн Дотоод хэргийн яам түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард Лукашенкогийн дэглэмийн эсрэг тэмцлийн өөр нэг бэлгэдэл болсон цагаан-улаан-цагаан өнгийн далбааг нацист бэлгэдэл хэмээн хорих санаачилга гаргаж байжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *