Categories
гадаад мэдээ

​ Бээжинд ховор үзэгддэг эсэргүүцлийн жагсаал болж байна

Даваа гарагт Хятадын нийслэл Бээжин хотын гудамжинд олон мянган хүн эсэргүүцлийн жагсаал хийсэн нь коммунист дэглэмтэй тус улсад ховор үзэгдэл байлаа. Жагсаалын улмаас цагдаагийнхан хамгаалалтад гарч, хотын зарим гол гудамжнуудыг хаахад хүрчээ.

Эсэргүүцлийн шалтгаан нь пирамид хэлбэрийн санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийн удирдлагыг засгийн газар баривчлан шалгаж эхэлсэнтэй холбоотой. Жагсагчид нь уг компанид хөрөнгө оруулсан хүмүүс юм байна. Тэд ядууст туслах зорилготой гэгддэг дээрх санхүүгийн сүлжээнд оруулсан хөрөнгөө алдахаас болгоомжилж, компанийн үйл ажиллагаанд буруу зүйл байхгүй тул шалгахыг зогсоохыг эрх баригчдаас шаарджээ.

Жагсагчдын зарим нь Хятадын далбааг барьж, төрийн тэргүүн Ши Жиньпинийг уг хэрэгт анхаарлаа хандуулж, шударга ёсыг тогтоохыг шаардан уриа хашхирч байв. Шаньшинхуй хэмээх нэртэй компани энэхүү пирамид хэлбэрийн санхүүгийн сүлжээг ажиллуулж байсан ба түүний үүсгэн байгуулагч Жан Тяньмин тэргүүтэй хүмүүсийг Баасан гарагт баривчилсан юм.

Эрх баригчид Шаньшинхуй компанийг ядууст туслах нэрийн дор бусдын их хэмжээний мөнгийг залилсан гэж буруутгажээ.

Хятадын муж бүрийн иргэд, зарим нь насаараа хуримтлуулсан мөнгөө уг сүлжээнд оруулаад байгаа гэнэ.

Зөвхөн Бээжин биш, өөр бусад хотуудад ч уг компанитай холбоотой жагсаал тэмцэл гарч байгаа талаар Хятадын сошиал сүлжээнд мэдээлсэн байна. Өнгөрсөн онд эрх баригчид 900,000 иргэний 50 тэрбум юань ($7.4 тэрбум) цуглуулсан зээлийн сүлжээ Ezubao-г санхүүгийн луйвар гэж үзэн хааж байсан юм.

Ирэх намар Бээжинд болох Хятадын Коммунист Намын их хурлаар Ши Жиньпин БНХАУ-ын даргын хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа хүлээж авахаар бэлдэж байгаа. Тиймээс Бээжин хотод нийгмийн тогтворгүй байдал үүсэхээс эрх баригчид ихээхэн болгоомжилж, хяналтыг чангатгаад байгаа үед дээрх жагсаал болж байгаагаараа онцлог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *